МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянгол дүүргийн иргэдийн уулзалтад хэлсэн үгэндээ хуулийн реформ хийхийг онцоллоо
2020.10.08
Орон нутгийн хөгжил

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянгол дүүргийн иргэдийн уулзалтад хэлсэн үгэндээ хуулийн реформ хийхийг онцоллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд болсон Баянгол дүүргийн иргэдийн уулзалтад оролцож, үг хэлэв. Тэрбээр ажлын цаг, заваа гарган Улаанбаатар хотын өмнө, Улаанбаатарчуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн гарцуудын талаар санал бодлоо хуваалцахаар хүрэлцэн очсон юм.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд иргэдтэй мэндчилээд, Улсын Их Хурлаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын ажлын чиглэлээр таван сэдвийн хүрээнд үг хэлж, мэдээлэл өглөө.

Улс орны хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний талаар тэрбээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдаж, урьд өмнө байгаагүй богино хугацаанд Засгийн газрыг байгуулснаар эдүгээ төр, засгийн байгууллагуудын ажил жигдэрснийг онцоллоо.

Мөн анхдугаар чуулганы дараахан ээлжит бус чуулган хуралдуулж, 2020 оны төсвийг тодотгосон, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан нь салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх, улсаа хөгжүүлэх цоо шинэ агуулгатай баримт бичгүүд болсныг тэмдэглэхийн зэрэгцээ цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгийн хямралд нэрвүүлэхгүй байхад анхаарсан гол бодлогыг хэрэгжүүлснээр дэлхий дахинд цар тахлыг дотооддоо алдаагүй цорын ганц улс болж байгаа төдийгүй эдийн засагт сэргэлт гарч эхэлснийг дуулгасан юм.

Халамжаас бүтээмжид шилжсэн үйлдвэрлэгч орон болохыг зорьж буй талаар хэлэхдээ, Улаанбаатарын дүүрэг бүрт жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээж, шинээр байгуулж, хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэн, үйлдвэрлэгч орон болохыг зорьж буй хүрээнд Улсын Их Хуралд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог байгуулан, тус байнгын хороо үйл ажиллагаагаа эрчимтэй эхлүүлж, гишүүд орон нутагт үйлдвэрлэлтэй танилцаж байгааг дурьдлаа.

Мөн эдийн засгаа дэмжих чиглэлээр шинээр хэрэгжүүлж байгаа уул уурхайн болон төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон ажил, төслүүдийн үр дүнг товч танилцуулж, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг оновчтой бодлогоор дэмжиж, зээлийн хүүг жил бүр бууруулсаар сарын 1 хувь болгох төдийгүй ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож, бүх банктай гэрээ байгуулж байна гэлээ.

Монгол Улс саарал жагсаалтаас гарах нааштай мэдээ ирснийг мөн тэмдэглэсэн. Бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй талаар хэлэхдээ Улсын Их Хурал сахилга, хариуцлага, ёс зүйг сахих үлгэр дуурайл болж ажиллахыг тэмдэглээд, Улсын Их Хурлын гишүүд хуралдаанд өндөр ирцтэй оролцож, хуралдаан бүр цагтаа эхэлдэг болсныг танилцууллаа.

Сахилга, хариуцлага, ёс зүйг бүх шатанд хэвшүүлэх хүрээнд Улсын Их Хуралд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулснаар өмнө зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн асуудлыг авч үздэг байсан бол одоо төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийг хариуцаж, нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хамаарах болсон төдийгүй төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг гаргахаар ажиллаж буйг хэлэв.

Мөн энэ хүрээнд цаасгүй, цахим парламент болохыг зорьж, иргэд хуулийн төсөл боловсруулах шатанд ч саналаа өгөх бололцоотойг тэмдэглэв. Улсын Их Хуралд шинээр байгуулсан Инновац, цахим бодлогын байнгын хороо улс орны хэмжээнд цахим шилжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хариуцаж, төрийн үйлчилгээг иргэд цахимаар авах боломжийг бүрдүүлнэ гэв.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хуулийн реформ хийхээр зорьж буй хүрээнд энэ намрын чуулганаар 112 хууль батлахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр эрх зүйн томоохон шинэчлэл болно гэлээ.

Улаанбаатар хотын дүүргүүд хотын статустай болж хөгжих цоо шинэ боломж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болсон талаар, мөн уг өөрчлөлтөөр байгалийн баялаг төр, ард түмний мэдэлд байж, ард түмний төлөө зарцуулагдахыг онцлоод, Салхитын мөнгөний ордоос ахмадуудын тэтгэврийг тэглэсэн төдийгүй ирэх 5 дугаар сар гэхэд тэтгэврийн зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөг олгох асуудлыг шийдэж байгаа нь үүний нэг тод жишээ болно гэлээ.

Хэлсэн үгийнхээ төгсгөлийн хэсэгт тэрбээр хүн бүр, байгууллага болгон хүчээ нэгтгэж, улс орноо хөгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэйг уриалав. 

230 шахам мянган хүн амтай Баянгол дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөсөн ч улам сайн хөгжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэн бүрдүүлэх учиртайг тэмдэглээд  чуулганы завсарлагааны хугацаанд баруун бүсийн аймгуудад ажиллахдаа сумын төвд ч иргэд хашаандаа дулааны системд холбогдож хаусанд амьдрах боломжтой болсон байгааг харж, танилцаад ирсэн тухайгаа иргэдтэй хуваалцсан юм.

Иргэдийн уулзалтад Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Ж.Ганбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар оролцож, үг хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ