МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бизнес эрхлэгчдийг хамгаалагч “Оргил”-ын Ганбаатар
2020.05.29
Улстөр

Бизнес эрхлэгчдийг хамгаалагч “Оргил”-ын Ганбаатар

УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатарын тухай бичихийн өмнө түүнийг хүмүүс хэрхэн дүгнэдэг, түүний талаар ямар ойлголттой байдаг талаар судлахыг хичээсэн юм. Түүний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн юу гэж хэлснийг сонирхож үзэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “…Ж.Ганбаатарыг би эртнээс мэднэ. Эртнээс гэдэг нь оюутан ахуйн цагаас нь хойш гэсэн үг. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд гүйж явахад нь би тус сургуулийн Санхүү-Эдийн засгийн тэнхимд багшилж, хичээл заадаг байв. Энэ үеэс бид бие биенээ мэдэх болсон. Түүнээс хойш бизнест одтой, төрд тулхтай, зарчимч, шударга энэ залууг илүүтэй анхаарч харах болсон юм. Ж.Ганбаатарын тууштай зан төрд цаашид ч хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр хариуцлагатай, үүрэг, ёс зүйг эрхэмлэдэг хүн.

Доржийн Мөнхөө “… Зах зээлийн онол арга зүйг судалж урагш ахисан учраас ямар нэгэн элдэв юманд оролгүйгээр өөрийнхөө цэвэр ариун хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд энэ бизнесийг босгосон байгаа юм. Тэр утгаар нь би үнэлдэг. Хоёрдугаарт, энэ хүн өндөр боловсролтой. Гуравдугаарт, өөрийнх нь хүн чанар хүнлэг ёс, шударга байдал гэх юм уу, эх оронч сэтгэл гэх юм уу тэр үнэт чанар байсан учир энэ хэмжээнд жолоодож авч явж чадаж байгаа.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “…Би Ж.Ганбаатар шиг залуу хүн УИХ-д орж ирсэн нь завшаантай зүйл гэж бодож байна. Энэ залууг бага, залуу насанд нь мэдэхгүй ч би өөрөө улс төрд орооцолдож, өнөөдөр, маргааш юу болж байгаад нь санаа зовж явдаг хүний хувьд ярьж, хэлж, хийж байгаа үйлдлүүдийг нь ажиглаж байх юм. Тийм учраас энэ талаасаа зөв хүн орж ирсэн гэж бодож байгаа. Ямар ч байсан энэ орон зай дээр найдвартай, тогтвортой сууж чадаж байгаа гишүүнтэй тойрог юм байна гэж бодож байна. Энэ чиглэлээр маш их ярьдаг, үйлддэг, хичээдэг, хуулийн төсөл санаачилдаг залуу байна лээ” гэх зэргээр дурьдсан байх юм.

“ОРГИЛ”-ЫН ГАНБААТАРЫН БИЗНЕСИЙН ЗАМНАЛ

Улаанбаатар хотын унаган хүү Ж.Ганбаатар Налайхад уурхайчны гэр бүлд төрж, гэр хороололд жирийн л амьдрал дунд өсчээ. Бусдын адил худгаас ус зөөж, түлээгээ хагалах гээд түүний хүүхэд нас өнгөрсөн. Ж.Ганбаатар гишүүн айлын гурав дахь хүүхэд. Хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй. Налайхад нисдэг тэрэг үргэлж ирдэг байсан тул түүний хүүхэд насны гэнэн дэврүүн мөрөөдөл нь онгоцны нисгэгч болох хүсэлтэй байсан гэдэг. Хожим нь тэрбээр эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Хүүхэд байхын л аливаад хариуцлагатай байсан нь эдүгээгийн амжилттай бизнесмен, хариуцлагатай төрийн түшээгийн төлөвшлийн эхлэл байжээ.

Тэрбээр 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагчаар, 2000 онд Монгол Улсын их сургуульд хуульч мэргэжлээр сурч хос мэргэжилтэй болов. Анхны бизнесээ оюутан ахуйдаа эхлүүлсэн Ж.Ганбаатар ажил, амьдралын гараагаа өөрийн компаниасаа эхлүүлсэн. 27 настайдаа Одоогийн “Оргил” худалдааны төвөө жижигхэн дэлгүүрээс эхлүүлж зургаан ажилчинтайгаар анх нээж байсан тухайгаа тэрбээр хуучиллаа. Цаг үе нь ч тэр, 1991 онд бизнест хөл тавихдаа жижиглэн худалдааг сонгож байсан гэлээ. Тэр үеийн залуусын бараг сонсоо ч үгүй байсан дирол, стимирол гээд ногоон, цагаан өнгөтэй бохийг Монголд анх оруулж ирсэн нь Ж.Ганбаатар. Мөн “Алпен голд” шоколад, Юпи, инвайт зэрэг найруулдаг ундаа, сироп авч ирж зах зээлд нийлүүлж байв. Тухайн үедээ ундаа ховор учраас маш эрэлттэй байсан гэж тэрбээр ярьсан юм.

Түүнийг бизнесээ эхлүүлсэн 1990-ээд онд Монголын нийгэм зах зээлд шилжин ид бужигнаж байсан цаг үе. Тэр бизнесийн оргил өөд мацаж, даваа гүвээ, гуу жалга бүгдийг л туулж хал үзэж хат сууж өнөөдөр “Оргил”-ын Ганбаатар гэж эцэг, эхээс авсан нэрээ­сээ гадна овоглуулах худалдааны бизнесийн сууриа тавьсан байна.

Ингээд 2003 онд хороол­лын эцэст Жигүүр Грандын барьж байсан барилгыг дундаас нь худалдаж авч, засч өргөтгөөд “Оргил” худал­дааны төвөө анх нээж байжээ. 2015 он хүртэл “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөхөөр нь ажиллажээ. Одоо "Оргил" 10 гаруй салбар дэлгүүртэй болж өргөжөөд байна. Худалдааны бизнесээс гадна барилгын салбар руу орсон нь “Оргил” худалдааны төвийн барилгаа барьж эхлэх үетэй холбогддог аж.

Үйлчилгээний салбар нарийн стандарттай, бараа ачиж ирсэн автомашинаа хаана байршуулж, хаагуур гаргах вэ гэдгээс эхлээд олон зүйлийг төлөвлөх шаардлагатай болж, барилгын компаниудад хандахад шаардлага хангаж чадаагүй тул эцэст нь өөрсдөө барилгаа барихаас аргагүйд хүрчээ. “Камдер” нэртэй барилга угсралтын компанитай болсон нь ийм учиртай.

Монгол Улсын эдийн засаг 2010 оноос бизнесийн салбарынханд ээлтэй байсан үед “Оргил”-ын Ганбаатар орон сууцны бизнест хүч үзжээ. “Энканто-1”, “Энканто-2” хотхон бол Ж.Ганбаатарын барилгын салбар дахь томоохон бүтээн байгуулалтынх нэг хэсэг нь.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХАМГААЛАГЧ ГИШҮҮН

Түүний бизнес рүү орсон замнал нь ийм байжээ. Харин улс төрд орох шийдвэр нь гэнэтийнх байв уу эсвэл олон удаагийн оролдлого байв уу.

Ж.Ганбаатар гишүүн 2004-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд ажиллах болсноор улс төрийн карьераа эхлүүлсэн. Гэхдээ үүнээс нэлээд өмнө улс төрийн үзэл баримтлал, намын сонголтоо хийчихсэн байж. 1998 онд МАН-д элсэж байжээ. Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд ажиллаж байгаад 2008 онд НИТХ-ын сонгуульд  өрсөлдөж ялалт байгуулан Тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Тэргүүлэгчээр дөрвөн жил ажиллаж байсны хувьд тэр нийслэлийн амьдралыг нэлээд сайн гадарлана. Учир нь тухайн үед Тэргүүлэгчид бараг өдөр бүр хуралддаг буюу гол ачааллыг нь Тэргүүлэгчид авч явдаг байсан үе. Тиймээс улс төрд орох түүний шийдвэр нэг л өдөр гэнэт гаргачихсан гэвэл өрөөсгөл ойлголт болох аж.

Ийн багаас нь өгсөж улс төр рүү орсон тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон юм. Бизнесийн салбарынхан улс төрд орлоо гэдэг шүүмжлэл түүнийг бас тойроогүй. Түүнээс яагаад улс төрд орох болсон юм бэ гэж асуухад тэрбээр “УИХ-ын сонгуульд өрсөлдөх шийдвэрийг улс төрд орох гэдэг  утгаар зарим хүн хардаг байж магадгүй. Миний хувьд тийм биш. Харин төрд зүтгэх цаг болсон гэж ойлгосон тул өөрөөсөө их том зориг гаргаж, зорьсон үе нь 2016 он гэж хэлж болох байх. Намайг сайн таньдаг, эсвэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын зөвлөлд ажиллаж байсныг  маань мэддэг хүмүүс бол 2016 онд бизнесийн хүн улс төрд ороод ирлээ гэдэг өнцгөөс хараагүй л болов уу” гэж хариулт өгсөн.

Одоо бол “Оргил”-ын Ганбаатарыг бизнесийн хүн гэж харахаас илүүтэй улстөрч гэж дүгнэх хүн нь олон болсон. Хэдийгээр бусадтай харьцуулахад дөрөвхөн жил парламентын гишүүнээр ажиллаж байгаа ч гэлээ тэр хэдийнэ төрийн хүн болсон гэж танхимын нөхөд нь дүгнэдэг.

УИХ-д сонгогдсоноосоо хойш хувийнхаа бизнест оролцох зав зайгүй болсон тэрбээр сонгогчдыгоо төлөөлөх үүргээ нэр төртэй биелүүлж яваа. УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдож эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой чухал хуулийн төсөл, тогтоолуудыг чамбай боловсруулахад түүний ахалсан байнгын хорооны үүрэг өндөр. "Түүнийг анх гишүүн болоход нь чуулганы хуралдаанд суух, байнга идэвхтэй оролцох эсэхэд эргэлзэгчид олон байсан” гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа дурдаж байсан юм. Тэгвэл тэр эсрэгээрээ УИХ-ын идэвхтэй гишүүдийн тоонд зүй ёсоор ордог.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал бүртэй тэр бүр зууралдаад байдаггүй ч бизнес эрхлэгчид, татвартай холбоотой асуудалд дуугүй өнгөрнө гэж үгүй. Бизнесийн эрхлэгчдийн жинхэнэ төлөөлөл болж ААН-үүд, иргэдийн эрх ашгийг хамгаалж үе үе танхимын гишүүдтэйгээ ам мурийх нь энүүхэнд.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөр ам муруйж байв. Тэрбээр “Төрийн байгууллагуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, зөвхөн төсвийн мөнгөөр торгох арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан мөртлөө хувийн хэвшилд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хорих арга хэмжээ авахаар тусгасан нь учир дутагдалтай” хэмээн шүүмжилж ч байв. Мөн УИХ-аар Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед бизнес эрхлэгчдэд хатуу нөхцөл, шаардлага тавих төсөл болсныг шүүмжилснээр УИХ Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг буцаах шийдвэр гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нөхдийнхөө хамт долоон хуулийн төслийг санаачлан боловсруулж, батлуулсан нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хууль байв. Түүний ахалж ажилласан ажлын хэсгүүд гэвэл Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хууль, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийн ажлын хэсгийг тус тус ахалж ажилласан. Мөн тэрбээр хууль тогтоомжийн ажлын хэсгүүдэд орж идэвхтэй ажилласан.

Ж.Ганбаатар гишүүн 2019 оны тавдугаар сарын 09-нд Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдон ажилласнаас хойш маш олон хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ялангуяа хаврын чуулганы өмнөхөн Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоол болон хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд түүний үүрэг оролцоо өндөр байсан.  “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ бол улс орны хөгжлийн тулах цэг нь” гэж байнга хэлдэг тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараах нь УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажиллаж жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах, санал, дүгнэлт гаргах чиглэлд идэвх санаачилгатай ажилласан.

Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ж.Ганбаатар гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр нэгтгэсэн гурван сан буюу Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгах саналыг байнгын хорооны хуралдаан дээр гаргаснаар дэмжигдэж тусад нь авч үлдсэн. Энэ онд ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэр УИХ-аас батлагдсан. Зээлийн эх үүсвэрийг хүртээмжтэй болгох үүднээс дөрвөн багц болгож зарласан. 2018 онд 218 зээлдэгчдэд 98 тэрбум төгрөгийн санхүүжилт өгч байсан бол энэ жил дээрх 47 тэрбум төгрөгийг 467 иргэн, аж ахуйн нэгжид хуваарилжээ. Энэ мэт Ж.Ганбаатар гишүүний санал, санаачилгаар ажил хэрэг болсон олон хуулиуд өдгөө амьдрал дээр хэрэгжиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийг шүүмжилж ирсэн гишүүдийн нэг. Тэрбээр тус хуулийг анх санаачилсан гишүүдийг хуулиа эргэж харж,  “Эхлээд сануул, дараа нь торго” гэсэн зарчмыг тусгах шаардлагатай гэдгийг хэдэнтээ сануулж байсан юм. Харамсалтай нь Зөрчлийн хуулийг батлуулсан гишүүд Зөрчлийн хуулиа эргэж хараагүй тул Ж.Ганбаатар гишүүн өөрөө хууль санаачилж Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Зөрчлийн тухай хуульд “Эхлээд сануул, дараа нь торго” гэдэг зарчмыг тусгахаар болжээ. Уг хуулийг шинээр бүрэлдэх парламентаар хэлэлцэх учиртай.

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА УЛСТӨРЧ ХУВИЙН ХӨРӨНГӨӨРӨӨ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН АВТО ЗАМ ТАВИВ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойргийн сонгогчидтойгоо хамгийн их уулздаг. Гишүүнээр сонгогдсоноосоо хойш "UB Palace"-т жилдээ дөрвөн удаа буюу нийт 16 удаа уулзалт зохион байгуулжээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, барилга байгууламж:

  • Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо/ 2019 он Төсөвт өртөг 1 тэрбум
  • Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо/ 2019 он Төсөвт өртөг 2 тэрбум
  • Хороолол доторх авто замын засвар /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо/ 2019 он Төсөвт өртөг 2 тэрбум
  • Цэцэрлэгийн барилга, 240 ор /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо/ 2018-2019 он Төсөвт өртөг 2.2 тэрбум
  • Хүүхдийн тоглоомын талбай /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо/ 2019-2020 он Төсөвт өртөг 1.5 тэрбум
  • Орон сууцын байруудын гадна дулаалга, дулааны техникийн шинэчлэл /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5, 6 дугаар хороо, 5, 12, 16, 41 дүгээр байр/ 2019 он Төсөвт өртөг 996.5 сая

Монгол Улсад анх удаа улстөрч хувийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн авто зам тавьж хүлээлгэж өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 9, 10-р хорооны иргэдийн өдөр тутам ажил амьдралаа залгуулдаг гол хэсэг болох 1 км шороон замыг хувиасаа 600 сая төгрөгөөр хатуу хучилттай, явган замтай иж бүрнээр нь барьж гүйцэтгэсэн өнөөдөр “Ганбаатарын зам” гээд нэршчихжээ. Дэд бүтэцтэй болсон учраас хавь ойрын айлуудын хашааны үнэ ханш нь нэмэгдсэн, эдийн засгийн эргэлт сайжирсныг оршин суугчид нь хэлж байна. Өмнө нь хашаагаа 20-30 сая төгрөгөөр зардаг байсан бол өнөөдөр 70-80 саяд хүрчээ.

Түүнчлэн 1991-1992 оноос хойш бараг засвар хийгээгүй, усанд автдаг, машин тэрэг нүхнээс нүхний хооронд явдаг байсан 10 дугаар хороолол хавийн байшин хорооллын айлуудын дундах замд засвар хийгдсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн асуудлыг шийдүүлсэн. Энэ онд ашиглалтад орох юм.

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаас гадна тойргийн иргэддээ чиглэсэн олон ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Тухайлбал, тэрбээр гурван жилийн хугацаанд “Шилдэг бизнес төсөл”-ийг амжилттай зохион байгуулж Баянгол дүүргийн 2500 гаруй сурагч 1800 орчим төсөл ирүүлж оролцжээ. Төсөлд нийтдээ 300 сая төгрөгийг хувиасаа зарцуулжээ.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламж

Баянгол дүүргийнхээ хөгжилд цэцэглэлтэд зориулж бодит барилга байгууламжаас гадна санаачилсан, батлуулсан хуулиуд, дүүрэгтээ хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь иргэдэд хүрсээр байна.

ШИНЭ МЭДЭЭ