“Шивээ-овоо”ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2025.02.03

“Шивээ-овоо”ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал болон холбогдох албаны хүмүүстэй “Шивээ-овоо”ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо. "Шивээ-Овоо" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин компанийн үйл ажиллагааг танилцуулав. “Шивээ-Овоо” ХК нь дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%-ийг хангаж, “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50%-ийг нийлүүлдэг. Нүүрсний орд нь нийт 29,500 га талбайг хамардаг бөгөөд 2.7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Улсын төсөвт 2023 онд 15,1 тэрбум, 2024 онд 17,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Энэ онд 22,4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.
Энэ үеэр “Шивээ-Овоо”-ийн уурхайг түшиглэн импортын эрчим хүчийг орлох 300 MBT-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн явцыг танилцуулав. Төслийн судалгааг 2005 оноос эхлүүлж байсан. Анхны судалгаагаар 200 MBT-ын хүчин чадалтай станц барина гэж төлөвлөсөн ч өнөөдөр 300MBT-аас дээш хүчин чадалтайгаар барих шаардлагатай. Өнөөдрийн байдлаар газрын (100га) асуудлыг бүрэн шийдсэн байна.

"Шивээ-Овоо" уурхайг түшиглэн барих шинэ станцыг нүүрс, сэргээгдэх эрчим хүч хосолсон, дэвшилтэт технологиор байгуулахад анхаарч, төслийг урагшлуулна. Түүнчлэн тус компанийн олон жил хуримтлагдсан өр төлбөрийн асуудлууд, уурхайн тоног төхөөрөмжийн хоцрогдлыг арилгах зэраг асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. "Шивээ-Овоо" ХК нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани болохыг зорьж ажиллаж байна.