"Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр"-ийн төслийг боловсруулж, УИХ, ЗГХЭГ, ХЗДХЯ-нд хүргүүлэв
"Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр" (2003)-ийн хэрэгжилтэд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2011, 2022 онд хийсэн үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгдсэн.
Уг дүгнэлтийг үндэслэн Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлахыг Улсын Их Хурлын 2023 оны 114 дүгээр тогтоолоор Засгийн газарт даалгаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.
Энэ хүрээнд ХЭҮК-оос "Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр"-ийн төслийг 7 зорилго, 45 зорилт, 273 үйл ажиллагаатайгаар боловсруулж, Улсын Их Хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2024 оны 11 дүгээр сард тус тус хүргүүлсэн юм.
Хөтөлбөрийн төслийг иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид болон Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/, НҮБ-ын тусгай илтгэгчдийн санал, зөвлөмжийг тусган боловсруулсан.
Түүнчлэн 2024 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хороонд баруун, хангай, төв, хойд, зүүн, говийн бүс болон Налайх, Багануур, Багахангай дүүрэгт дэх төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг тусгасан юм.
Энэ хүрээнд "Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр"-ийг боловсруулах чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал болон ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир нар өнөөдөр хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцлоо.