2024.12.18
Ж.Алдаржавхлан: Хүний эрхийн комиссын ажилтнуудыг эрүүдэн шүүлтийг зогсоох эрх мэдэлтэй болгомоор байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024-12-18-ний өдрийн хуралдаанаар тус байнгын хорооны тогтоолын төсөл /“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай төслийн хэлэлцэв.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан асуулт асуулаа:
Нэгдүгээрт, Байнгын хорооны болон ажлын хэсгийн дарга аа! Бид нар өмнө нь Нүүрсний сонсгол гээд орон даяар бөөн юм болсон. Дараа нь Ногоон автобусны сонсгол гэж болсон. Саяхан эрүүдэн шүүлтийн эсрэг сонсгол гээд хийсэн. Тэгэхлээр ер нь сонсголыг хоёр үе шаттай хиймээр байна. Хуульдаа өөрчлөлт оруулаад эхлээд хяналтын сонсгол, нэг жил орчмын дараа үр дүнгийн сонсгол хийдэг баймаар байна. Тэгэхгүй бол яг ямар ажил хийгдсэн нь тодорхойгүй баахан хүмүүс ирж зовлонгоо ярьж ярьж явдаг. Бид нар сонсоод л яваад байгаа юм. Асуудлыг яаж мухарласан, яаж шийдсэн, нөгөө хүн эрүүдээд байгаа нөхөрт ямар хариуцлага тооцсон бэ гэдгийг эргэж сонсох үүднээс үр дүнгийн сонсгол хийдэг байх санал байна. Манай нийгэмд хэрхэн хариуцлагаас бултах вэ гэдэг ажил их явдаг. Тэр дундаа хүчний байгууллагууд дунд үүнийг дахиж хиймээр байгаа юм. Тэгж гэмээ нь хүмүүс "энэ чинь эргээд сонсдог юм энэ ажлыг нь хийе" гэдэг зорилго үүсэх байх.
Хоёрдугаарт, ХЭҮК /хүний эрхийн үндэсний комисс/ гэж "шүдгүй" байгууллага байна. Ямар нэгэн хэлбэрээр "Тухайн хүн хорих дотроос намайг эрүүдэн шүүгээд байна" гэдэг мессежийг өгвөл ХЭҮК-т түдгэлзүүлж эрхийг нь өгмөөр байна. Эрүүдэн шүүлтийг хамгийн торгон мэдрэмжээр мэдрэх байгууллага бол ХЭҮК юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан