УИХ-ын гишүүд Монгол банкны үйл ажиллагаатай танилцлаа
2024.09.06

УИХ-ын гишүүд Монгол банкны үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын дарга Д. Амарбаясгалан болон УИХ-ын гишүүн П.Батчимэг, Д.Цогтбаатар, Э.Батшугар Монгол банкны үйл ажиллагаатай танилцлаа. 

Уг уулзалт ярилцлагын үеэр Монгол банкны өнгөрсөн хугацаанд ажилласан ажлын явц, баримтлах бодлого чиглэл, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид УИХ болон Монгол банкны уялдаа холбоог нягт ханган ажиллах зарим эрхзүйн зохицуулалт байгааг онцолж, иргэдийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой тодорхой ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Монголбанк 2024-2026 онд инфляцыг +/-2 нэгж хувийн интервалтай, 6 орчим хувьд тогтворжуулахаар тусгасан бөгөөд инфляц долдугаар сарын эцсийн байдлаар 5.5 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт тогтворжихын хэрээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зай үүсэж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн “Гадаад валютын албан нөөц энэ оны долдугаар сарын эцсийн байдлаар 4.7 тэрбум ам.долларт хүрсэн. Валютын нөөц нэмэгдэхийн хэрээр төгрөгийн ханш тогтворжиж, оны эхнээс ам.долларын эсрэг 0.87 хувиар чангарлаа. Түүнчлэн валютын нөөц нэмэгдсэнээр Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн ашиглалтын өрийг төлж, хоёр дахин буурууллаа. Ипотекийн зээл олголт 2024 оны эхний долоон сарын байдлаар 946 тэрбум төгрөгт хүрч, олгосон өрхийн тоо 8188 байна. Үүнээс орон нутагт 421 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гарч, 4100 иргэн хамрагдсанаар хөдөө орон нутаг дахь ипотекийн зээлийн олголт эрс өссөн” гэв.