С.Бямбацогт: Батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргахыг чухалчилж байна
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
2025.01.27

С.Бямбацогт: Батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргахыг чухалчилж байна

Дроны үйлдвэрийн тэзү боловсруулах ажил эхэллээ

Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх БНТУ-д Төрийн айлчлал хийх үедээ дрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай танилцаж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан билээ. Уг ажлын хүрээнд Туркийн "Байкар" компаний дэд захирал М.Килинч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ судалгааны ажлыг эхлүүллээ.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж-дроныг батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээс гадна:

  • онцгой байдал, байгалийн гамшиг тохиолдсон үед мэдээлэл цуглуулах, тандалт хийх, гамшигийн цар хүрээ, хохирлыг тогтоох,
  • улсын хил хамгаалалт, улсын онцгой объектуудад эргүүл, хяналт хийх,
  • уул уурхайн салбарт геодези, геофизикийн зураг авалтад ашиглах,
  • байгаль хамгаалах, хортон шавьжтай тэмцэх, газрын зураг, кадастрын үйл ажиллагаанд зэрэг олон төрлөөр ашиглах, хэрэглэх боломжтой байх, ийм төрлийн дрон хамтарч үйлдвэрлэдэг байх чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт өглөө.

"Байкар" компаний хувьд олон зорилгот дрон үйлдвэрлэх тал дээр туршлагатай, салбартаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд холбогдох судалгаа ТЭЗҮ-г богино хугацаанд хийж дуусгахаа илэрхийллээ.

Монгол Улс Сумны үйлдвэртэй болно

БНТУ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улс Сумны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн. Энэ үйлдвэрийг яаралтай ашиглалтанд оруулахад Яшир Гүлэр сайд онцгой анхаарч, өөрийн биеэр Монгол Улсад тус үйлдвэрийн нээлтэнд оролцохоор болсон.

ДРОН, ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕР, КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БНТУ-ын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн харьяа Агаарын цэргийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1200 сонсогчтой ба хуурай зам, тусгай хүчин, агаарын цэрэг, тэнгисийн цэргийн чиглэлээр сургалт явуулдаг байна. Одоогийн байдлаар уг сургуульд 4 монгол оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар сургуулийн удирдлагуудтай тохиролцон дрон, электроникийн инженер болон кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр боллоо. Ингэснээр Батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал шаардлагатай мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:

"Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д хийсэн төрийн айлчлалын нэгэн чухал үр дүн нь Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан явдал байлаа. Өнөөдөр Турк Улсын Батлан хамгаалах аж үйлдвэрлэл хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд ороод байна. Тус улсын BAYKAR, TUSAS, ASELSAN зэрэг томоохон компаниуд нь улсынхаа батлан хамгаалах салбарын амжилтад гол үүрэг гүйцэтгэж, улс орны батлан хамгаалахын чадавхийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд үлэмж хувь нэмэр оруулж байна. Үүнтэй адил бид ч мөн үргэлж гаднаас авах биш өөрсдөө дотооддоо үйлдвэрлэх цаг ирсэн. Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д айлчлал хийх үедээ дрон болон зэвсэг, техник үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай танилцаж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсанаар ДРОН-ы үйлдвэрийн ТЭЗҮ хийгдэхээр болоод байна. Удахгүй мөн манайд СУМНЫ үйлдвэр ашиглалтад орно. Цаашид бид энэ мэтээр батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргахыг чухалчилж байна" гэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан