Б.Цэнгэл: Хуулийн төслүүдэд орон нутгийн өмчит тавих хяналт, орон нутгийн өмчийн газрын чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл
2025.01.23

Б.Цэнгэл: Хуулийн төслүүдэд орон нутгийн өмчит тавих хяналт, орон нутгийн өмчийн газрын чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс зохион байгуулагдсан “Орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн тусалцаа үзүүлэх” сэдвийн хүрээнд 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдын сургалт /2025-01-20/-ний өдөр зохион байгуулагдсан юм.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх” гэж заасныг үндэслэн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, зохион байгуулалтад хяналт шалгалтын чиг үүрэг нэмэгдсэнтэй холбогдуулан 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх сургалтыг ТӨБЗГ-аас зохион байгуулав.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл:

"Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад баримтын иж бүрэн болон системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, түүний мөрөөр авсан арга хэмжээний гүйцэтгэлд бодитой, үр дүнтэй хяналт тавих шаардлага тавигдаж байгааг цохон тэмдэглэж байна.

ТӨБЗГ-аас Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд баримтын иж бүрэн шалгалт хийж, санхүүгийн сахилга батыг хэвшүүлэх, эрсдэлийг бууруулах, хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Орон нутгийн өмчийн газрын төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг 2023 онд боловсруулан Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн хянуулсан юм.

 "ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН БҮТЭЭМЖ, ИЛ ТОД БАЙДАЛ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДЭД ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТАВИХ ХЯНАЛТ, ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ЧИГ ҮҮРГИЙГ НАРИЙВЧЛАН ТОДОРХОЙЛСОН”

Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн 2023.12.05-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 527 дугаар тогтоолын хавсралтаар Орон нутгийн өмчийн газрын төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт батлагдаж, чиг үүргийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг тус газарт үүрэг болгож, зөвшөөрөл олгосон юм.

 Дээрх зөвшөөрлийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023.12.21-ний өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” 691 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчийн газрууд хяналт шалгалт хэрэгжүүлэх төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг баталж, албан хаагчдыг сонгон шалгаруулах, томилох ажлыг зохион байгуулж эхэлсэн.

энэхүү сургалт нь цаг үеийн шаардлагаар хийгдэж байгаа бөгөөд цаашдын чиг үүргээ оновчтой гүйцэтгэхэд ач холбогдолтой

Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс:

  • 1. Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоо;
  • 2. Хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний боловсрол, ажлын туршлага;
  • 3. Албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт батлагдсан байдал;
  • 4. Хяналт шалгалт хэрэгжүүлэх ☑️орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаар судалгааг хийсэн байна. Дээрх судалгаагаар манай байгууллагаас өгсөн санал, зөвлөмжийн дагуу 21 аймгийн Засаг даргын захирамжаар Орон нутгийн өмчийн газар бүтэц, орон тоогоо шинэчлэн батлуулж ажиллаж байна.
Сургалтад 21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга, удирдлага, хяналт шалгалт хариуцсан нийт 52 албан хаагчид хамрагдаж, эрхэлсэн чиг үүргийнхээ талаар тодорхой мэдээллийг сонсоВ.

-Орон нутгийн өмчийн газрын чиг үүрэгт өөрчлөлт орсныг үндэслэн Архангай, Булган, Сүхбаатар, Говь-Алтай, Орхон,  Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрууд дүрмийг шинэчилж, бүтэц орон тоогоо баталсан байна.

Өмнөговь, Булган, Өвөрхангай, Говь-Алтай, Увс, Орхон Дорноговь, Төв, Ховд, Баян-Өлгий аймгуудад хяналт шалгалт хариуцсан төрийн хоёр  албан хаагч жинхэлж, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж, орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад тавих мэргэжлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, үр дүнг тайлагнаж ажиллахад боломжтой болжээ.

Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдын төрийн албанд ажилласан нь 26 буюу 52% нь 10-аас дээш жил ажилласан туршлагатай байна. Харин өмчийн салбартаа 10 албан хаагч буюу 20% нь 10-аас дээш жил ажилласан бол 50% нь нэг жил хүртэлх хугацаагаар ажиллаж байна.

Ажилласан жилийн судалгааг харахад:

  • Удирдлага, хяналт хариуцсан 15 ахлах мэргэжилтний 9 буюу 60% нь төрийн албанд, 6 буюу 40% нь өмчийн салбартаа 10-аас дээш жил ажилласан туршлагатай албан хаагчид,

Мэргэжлийн хувьд:

  • Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй албан хаагчид 34 буюу 65.3%-ийг эзэлж байгаагийн 8 нь орон нутгийн өмчийн газрын дарга, Төрийн удирдлагын менежер, эрх зүйч мэргэжилтэй 18 албан хаагч байгаагийн 10 нь Орон нутгийн өмчийн газрын дарга нар байгаа бөгөөд чиг үүргээ хэрэгжүүлж байна.

Өмчийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний хувьд:

  • 17 мэргэжилтний 4 буюу 24% нь 10-аас дээш, 3 буюу 18% нь 5-10 жил, 7 буюу 41% нь 1-5 жил, 3 буюу 18% нь нэг жил хүртэл төрийн албанд ажилласан байна.
  • Харин өмчийн салбарт 11 буюу 65% нь 1 жил хүртэл ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдэд орон нутгийн өмчит тавих хяналт, Орон нутгийн өмчийн газрын чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон байгаа билээ.

 Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2025.01.14-ний өдөр 21 аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний 2.3.6-т “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад баримтын иж бүрэн болон системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын мөрөөр авсан арга хэмжээнд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх” тухай заасан.

  • Тиймээс цаашид хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй, орон тоо дутуу Архангай, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод аймгууд Орон нутгийн өмчит хуулийн эдгээдийн баримтын иж бүрэн шалгалт хэрэгжүүлэх боломжгүй байгааг анхаарах хэрэгтэй.
  • Хяналт шалгалт хариуцсан албан хаагчдын орон тооны хувьд 17 аймгийн хяналт шалгалтын 28 албан хаагч жинхэлсэн, 4 албан хаагч жинхлээгүй, 3 аймагт 3 албан хаагч бэлтгэгдэж байгаа, 3 аймагт 3 сул орон тоотой, 2 аймагт 3 орон тоо хасагдсан байдалтай байна.
  • Та бүхэн санал, санаачилгатай ажиллаж аймгийн Засаг дарга нарын дэмжлэг, тусалцаа авч хамтын ажиллагааг сайжруулж ажиллах нь хяналт шалгалт хэрэгжүүлэх ажлын үр дүнд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

Цаашид хэрэгжүүлэх чиг үүрэг, зорилтын талаар:

  • Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааны өөрчлөлтийг тусган дүрмийг шинэчлэн батлуулж мөрдөж ажиллах ёстой.
  • Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан ажилтан нар ур чадвараа байнга дээшлүүлж, мэргэшсэн байвал зохино.
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ч ийм шаардлага тавьж, энэ чиг баримжааг баримталж ажиллах хэрэгтэй.
  • Үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн баталсан эрх зүйн актыг удирдлага болгон ажиллах;
  • Орон нутгийн өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад  тавих хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох талаар үр дүнтэй ажиллах;
  • Хуулийн этгээдийн удирдлага, үйл ажиллагаа, санхүү эд засаг, үр ашиг, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийн байдал болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг арилгуулахад мэргэжлийн тусалцаа үзүүлэх;
  • Санхүүгийн сахилга батыг сайжруулах, эрсдэлийг бууруулах талаар санал дүгнэлт, зөвлөмж өгч, биелэлтийг хангуулах арга хэмжээ авч, өмчийн үр ашгийг дээшлүүлж ажиллах зэрэг юм.

Бидний ажиллах эрх зүйн орчин шинэчлэгдэж, чиг үүрэг нэмэгдэж байгааг Та бүхэн байнга мэдэрч, өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж амжилттай ажиллахыг хүсэж байна" гэлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан