Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгож, бүтээмжийг сайжруулах шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар:
2025.01.21

Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгож, бүтээмжийг сайжруулах шаардлагатай

Энэ удаагийн парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд аливаа хуулийг бүрэн судалгаатай, хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн болгох чиглэлд нь манлайлан ажиллахаа илэрхийлээд буй. Түүнчлэн эрдэмтэн мэргэд, олон түмний оролцоотой, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ил тод, нээлттэй, хүртээмжтэй, ёс зүйтэй, хариуцлагатай парламентыг төлөвшүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Ес дэх удаагийн парламент 11 Байнгын хороотой ажиллаж байна.

Төрийн захиргааны чиглэлээр доктор хамгаалж, төрийн байгуулалт, төрийн тогтолцооны чиглэлээр мэргэшсэн хүний хувьд Төрийн байгуулалтын байнгын хороонд ажиллаж байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулахад Засаглалын ажлын хэсгийг ахалж ажилласан. Тухайн үед миний бие Удирдлагын академийн захирлаар ажиллаж байсан. Төрийн албаны реформ, үүнтэй холбоотой төрийн албан хаагчдын гүйцэтгэл, бүтээмж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг олон асуудлыг бид судлаад, үүнтэй уялдсан засаглалын төгөлдөршлийг хангах зорилтуудыг тодорхойлсон.

Энэхүү зорилтыг хангах шинэчлэлийг үргэлжлүүлэх, эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Иймд төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэчлэлийг хийх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд манлайлж ажиллана. “Алсын хараа-2050”-ыг боловсруулсан ажлын хэсэг төрийн албаны шинэчлэл, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн суртал, авилгаас ангид байх арга хэрэгсэл Цахим засаглалын зорилтыг тодорхойлсон. Үр дүнд нь цахим шилжилт манай улсад амжилттай явагдаж байгаа бөгөөд цаашдаа ч улам төгөлдөрших нь тодорхой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд Сайдын үүргийг гүйцэтгэж байхдаа нийгмийн даатгалын цахим шилжилтийг хийхэд оролцсон. Нийгмийн даатгалын 34 үйлчилгээний гол 24-ийн цахим үйлчилгээнд шилжүүлсэн. Эхний жилдээ e-mongolia-аар дамжуулж 3 сая гаруй хүн нийгмийн даатгалын үйлчилгээ авч чадсан. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж, төрийн үйлчилгээний ачаалал буурч, хүнд суртал эрс багассан билээ. Хийсэн, хэрэгжүүлсэн ажлын үр дүн ийнхүү гарсаар байгаа. Цаашдаа төрийн байгуулалт, төрийн албаны шинэчлэлийг чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах зорилт бий.

Өнгөрсөн арав гаруй жил хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт зөвлөхөөр ажиллаж, энэ салбарт дэд Сайдаар дөрвөн жил ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан тус салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэх, сорилт бэрхшээлийг даван туулах үйл ажиллагаанд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн нийгмийн халамж зөвхөн мөнгөн тэтгэмж олгодог биш, үүнийг үйлчилгээний хэлбэрт оруулах шинэчлэл хийгдэнэ. Халамжийн зардлын дийлэнх хувийг хүүхдийн мөнгө эзэлдэг. Энэ бол халамж биш, хүүхэд хөгжлийн мөнгө. Үүнтэй холбоотой ажил хийгдэнэ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар:

Халамжийн үйлчилгээний захиргааны зардлыг багасгах нэг шийдэл болсон цахим шилжилтийг хийх ёстой.

Өрхийн амьжиргааг тодорхойлох аргачлалыг боловсруулан өрхийн мэдээллийн нэгдсэн сантай болсон. Үүний хүрээнд тухайн өрхөд ямар халамжийн үйлчилгээ байх эсэхийг шийдэх юм. Гэхдээ зөвхөн халамж авах биш хөдөлмөр эрхлэлт рүү шилжих хэрэгтэй. Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Энэ хууль иргэний хуулийн дараа орохуйц чухал хууль. Нийгмийн харилцааны голлох харилцааг зохицуулж буй тус хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн ажил хийгдэнэ. Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой олон төсөл арга хэмжээнүүд хэрэгжсэн. Үр дүн өгсөн, сайн туршлага бий, үүнийг үргэлжлүүлнэ.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. Ажлын хэсэгт нь орж ажиллана, шаардлагатай бол ажлын хэсгийн ахална. Манай нийгмийн хамгааллын гол арга хэрэгслийн нэг нь нийгмийн даатгал байдаг. Энэ нь ирээдүйд бий болох эрсдэлээ урьдчилан зохицуулах харилцаанд орж байгаа хэлбэр юм. Нийгмийн даатгалтай холбоотой ойлголтоо бид зөв болгох хэрэгтэй. Юун түрүүнд тогтолцоо өөрчилнө гэж ярих нь өрөөсгөл юм. Харин тогтолцоог боловсронгуй болгох, ажиллахуйц болгох чиглэлд эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх нь зүйтэй.Нийгмийн даатгалд тогтолцооны шинэчлэл хийгдэж, хуулиа баталсан. Одоо хуулийн хэрэгжилт дээр анхаарах ёстой.

Төрийн албаны сургалтын байгууллагад олон жил багшилсан хүний хувьд боловсролын салбарт онцгойлон анхаарч, Ажлын хэсгүүдэд ороод ажиллаж байгаа. Үүн дотроо мэргэжлийн боловсролын чиглэлээр бодлого боловсруулахад анхаарна. Өнгөрсөн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохистой хангаж чадаагүй. Шалтгаан нь мэргэжлийн боловсролыг орхигдуулсантай холбоотой. Үүний улмаас өнөөдөр 50 гаруй мянган хүний ажиллах хүчний хомсдолд ороод байна. Энэ мэт зарим алдаатай бодлогыг бид засаж, сайжруулах шаардлагатай.

Сонгуулийн тогтолцоогоор энэ удаагийн парламентад олон салбарын төлөөлөл орж ирэх боломж бүрдсэн. УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэхдээ мэргэжлийн байгууллагын өгсөн үнэлэлт дүгнэлтийн хүрээнд өөрсдийн ойлголт, итгэл үнэмшил, зорилготойгоо уялдуулан шийдвэр гаргах соёлыг хэвшүүлэх нь зөв. Зарим асуудлыг бүрэн ойлгоогүйгээс болж буруу мэдээлэл нийгэмд түгээх, өрөөсгөл мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргах нь туйлын хортой. Дөрвөн жил урт биш богино хугацаа. Бид тал талаасаа сайн арга барилаар ажиллаж чадвал эхэлсэн ажил хурдтай урагшилж, сорилтыг давж, өнөө цагийн сайхан түүхийг хамтдаа бүтээх бүрэн боломжтой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn