Сум, багуудын эмнэлгийн санхүүжилтийг даатгалаас бус төсвөөс гаргах ёстой
Шинээр бүрэлдэн тогтсон парламентад нийгмийн олонхын төлөөлөл буюу салбар бүрийн мэргэжилтнүүд сонгогдон ажиллаж байгаа нь сайшаалтай. Миний хувьд Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд зөв эрэмбэлэх ёстой гэсэн зарчим баримталж байна. Хайрцагт баригдахгүй нийгмийн нийтлэг эрх ашиг юу байна гэдэгт гол анхаарлаа хандуулах нь зөв. Эдийн засагч хүний хувьд салбарынхаа дараах дөрвөн асуудалд бодлого боловсруулан ажиллахаар төлөвлөөд буй.
Нэгдүгээрт,
Монгол Улсын төсөв санхүүг үр ашигтай, зөв зохистой болгоход онцгой анхаарна. Тухайлбал, төсвийн урсгал зардал, төрийн үйл ажиллагааг цомхон, шударга, үр дүнтэй болгохоос эхлүүлээд илүү зардлыг хасах. Нөгөөтээгүүр хөрөнгө оруулалтаа зөв эрэмбэлж, иргэдийг ажлын байраар хангаснаар эдийн засгийн эргэлтийг өсгөх давуу талтай.
Хоёрдугаарт,
нүүдлийн мал аж ахуйг сэргээхэд хувь нэмэр оруулна. Өнөө цагт нүүдэлчин ахуйн өв соёлын тээгчид болох малчид цөөрч, тэдэнд зориулагдсан үзэл баримтлал алга болсоор. Гэтэл тэд угтаа эдийн засгийн орлоготой, үйлдвэрлэлтэй өөрсдийн гэсэн амьдралын хэв маягтай хүмүүс.Тэгэхээр малчдаас махыг байнгын системээр худалдаж авдаг болох нь хамгийн зөв арга. Ингэснээр тэдний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, орлоготой байх нөхцөл бүрдэнэ. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ложистикийн тухай төсөл боловсруулахаар судалж байна. Түүнчлэн малын дайвар бүтээгдэхүүний зах зээлийг дагаж гоо сайхан, эмийн мөн арьс ширний үйлдвэр ашиглалтад орох боломжтой.
Гуравдугаарт,
нийгмийн даатгалыг гурван үе шаттай болгох шаардлагатай. Жишээлбэл, манай улсад нийгмийн даатгал төлдөг хүмүүс хохирдог. Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгал суутгадаг учраас бизнес эрхлэгчид болон ажилтнуудад дарамт учруулдаг. Үүнийг зөв зохистой хэмжээнд аваачих ёстой. Одоо хөдөлмөрлөж байгаа бүх иргэн нийгмийн даатгал төлсөн эсэхээс үл хамааран тэтгэврийн насанд хүрэхдээ их бага хэмжээгээр тэтгэвэр авах ёстой. Мэдээж нийгмийн даатгал их төлсөн бол суурь тэтгэвэр дээрээ нэмэгдэл авдаг байх боломжийг мөн судалж байна.
Дөрөвдүгээрт,
эрүүл мэндийн даатгалын тогтолцоог алдагдалтай байна гэж ярьдаг учир дүн шинжилгээ хийж үзсэн. Тодруулбал, даатгал нөхөн төлж байгаа хүмүүстээ ашигтай ч эрүүл мэндийн даатгалын санд алдагдалтай. Харин тогтмол төлдөг даатгуулагчдын хувьд хүмүүстээ ашиггүй ч сан ашигтай байгаа дүр зураг ажиглагдсан. Тэгэхээр энэхүү тогтолцоог зөв гольдрилд оруулах хэрэгцээ үүсэж байна. Ялангуяа сум, багуудын эмнэлгийн санхүүжилтийг төсвөөс гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, даатгалаас үл хамаарсан байдлаар. Үндсэн суурь асуудал болох цалин тоног төхөөрөмж төсвөөс байх ёстой гэсэн үг. Мөн тодорхой өвчин, эмчилгээний зардлыг даатгалаас гаргаж болно. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ чанартай бөгөөд хүртээмжтэй болох юм.
Манай парламент аливаа асуудалд судалгаа шинжилгээтэй хандаж, олон ургалч үзэл баримтлан хүн бүрийн санал бодлыг сонсоно гэсэн зарчмаар ажиллаж буй. Ингэхдээ оновчтой стратеги төлөвлөгөө гаргаад парламентын чадавхыг бэхжүүлэх, сонгодог зарчмыг бүрдүүлэхэд оршино. Энэ үүднээс УИХ дахь Стратеги төлөвлөгөөний ажлын хэсгийн гишүүнээр миний бие ажиллаж байна.
Түүнчлэн парламентын гол зарчим нь хүн төвтэй хууль баталдаг болно гэх. Миний хувьд үүний эсрэг байр суурьтай байгаа. Учир нь УИХ-ын гишүүд ямар зарчим, үзэл баримтлалаар хууль батлах вэ гэдэг нь чухал. Яаралтай батлах гэж буй хуулийн цаана тухайн орчин тойрны хүмүүсийн тархи угаалт хүчтэй явагдсанаас болж өөрийн үзэл бодлоо хэлэхээс айдаг. Бусад гишүүддээ үзэн ядагдаж, ганцаардах уур амьсгал бүрдэх магадлалтай. Миний хувьд юм болгоныг сөрж тэрсэлдэх нь гол зорилго биш.
Гэхдээ нийгэмд олонхыг дагасан туйлшрах хандлага газар авах, үүнийг дагаж бодлого шийдвэр гаргах нь зохисгүй гэж дүгнэж байна. Эцэст нь хэлэхэд геополитикийн асуудал эрсдэлтэй байгаа энэ цаг үед Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой. Үүний дараа иргэдээ ажилтай орлоготой болгох нь чухал.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn