С.Цэнгүүн: Том зорилготой яваа тул мөнгө, төгрөгтэй орооцолдох сонирхол огт алга
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар энэ удаагийн парламентад олон өнгө бүрдсэн. Үүний нэг төлөөлөл нь УИХ-ын гишүүн С.Цэнгүүн. Түүний хувьд хамгийн залуу гишүүн гэдгээрээ олны анхааралд илүүтэй өртдөг талтай.
С.Цэнгүүн нийгэмд болохгүй байгаа олон асуудлуудыг АН-ын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеэсээ л хэлж, ярьж байсан. Ингэхдээ, салбар бүрийн хүмүүстэй уулзаж, өөрчлөх ёстой асуудлуудыг ярилцаад үзэхээр нэг л зүг рүү чиглээд байсан нь эрчим хүч. Ерөөсөө л харилцан ярианы эцсийн зогсоол нь эрчим хүч дээр очоод дуусдаг байв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, “Нэгэнт УИХ-ын гишүүн болсон учраас шүүмжилж, зовлон ярихаас илүү дотор нь орж ажиллаад явах нь зөв. Эрчим хүч хүнээр бол цусны эргэлт нь. Гэтэл хөгжлийн гол бодит хүчин зүйл болох эрчим хүчний салбар өнөө маргаашгүй тэг зогсолт хийх дээрээ ирсэн нь нууц биш. Иймд энэ асуудал руу ханцуй шамлан орж ажиллахгүй л бол Засгийн газрын мөрийн хөтөлбөр цаасан дээрх хий хоосон “мөрөөдөл” болж хувирна" хэмээн тодотгож байсан.
С.Цэнгүүн Эрчим хүчний салбарын суурь реформыг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний реформын үндэсний хорооноос төлөвлөсөн 6 ажлын нэг болох олон нийттэй харилцах үүргийг ахалж, өнөөдрийг хүртэл ажилласан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдэд салбарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж, шинэчлэлийн бодлогыг дэмжүүлэх зорилгоор УИХ-ын 103 гишүүн нэгдсэн “Дэмжих бүлэг"-ийг байгуулан ажиллаж байна.
Эрчим хүчний реформыг дэмжих бүлэгт УИХ-ын 100 гаруй гишүүд нэгдсэн. Урд өмнөх дэмжих бүлгүүдэд энэ мэт олон хүн нэгдсэн НЬ тун цөөн
Эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орсонтой холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг "Олон тэрбум төгрөг хэвлэл мэдээллийн салбарынханд тараасан" гэж гүтгэсэн. Тэрбээр үүнийг "Улс төржилт" гэж ойлгон онцын ач холбогдол өгөөгүй байна. Гэтэл 2024 оны 12-р сарын 08-ний өдөр Төсвийн ажлын хэсгийн хурлын үед 2025 оны төсөвт 8.0 тэрбум төгрөгийг Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд тусгасан байна. Тиймээс энэхүү гэнэтийн цаг үеийн асуудалтай холбогдуулан тэрбээр өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл гаргаад байна.
Мэдэгдэлд, “Миний хувьд улсын төсвийн үр ашиггүй зардлуудыг хасаж, танах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Цахилгааны үнийг нэмэгдүүлсэн ЭХЗХ-ны шийдвэрээс хойш Эрчим хүчний үндэсний хорооны гишүүдэд мэдээлэл дутмаг байсан тул хорооны ажлын албанаас би дараагийн төлөвлөгөөт ажлуудаа даруй эхлүүлэхийг, мөн хорооны гишүүдэд нээлттэй мэдээлэл өгөхийг шаардаж байв. Уг төсөв өндөр дүнгээр батлагдсан ч, эс батлагдсан ч энэхүү хариуцлагагүй сэжигтэй үйлдлээс шалтгаалж цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэн Эрчим хүчний үндэсний хорооноос гарч буйгаа би үүгээр мэдэгдэж байна. Эрчим хүчний реформ зөвхөн үнэ тариф нэмэхтэй холбоотой асуудал биш тул цаашид салбар дахь үр ашиггүй зардлыг бууруулах, засаглал сайжруулах гэх мэт олон ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд УИХ дахь эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хэсэг, Эдийн засгийн байнгын хорооны үйл ажиллагаагаар дамжуулан реформыг дэмжин ажиллах болно” гэв.
Ийн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний үндэсний хорооноос гарахаар болсноо мэдэгдэж, цаашид эрчим хүчний реформын ажлыг шахан ажиллах аа илэрхийлэв!
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан