"Засгийн газар 2025 оны улсын нэгдсэн төсвийг 2.3 их наядаар бууруулж оруулж ирлээ"
2024.12.05

"Засгийн газар 2025 оны улсын нэгдсэн төсвийг 2.3 их наядаар бууруулж оруулж ирлээ"

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар шинээр өргөн барьсан 2025 оны Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж буй. 

Ерөнхийлөгчийн бүхэлд нь хориг тавьсан өмнөх төсвийн төсөлд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Засгийн газар 2025 оны улсын нэгдсэн төсвийг ДНБ-ний 35.2%-тай тэнцэх хэмжээнд буюу өмнөх төсөлтэй харьцуулахад 2.3 их наядаар бууруулж, алдагдалгүй төсөв батлах саналаа өчигдөр өргөн барилаа.

Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэгт иргэд илүү идэвхтэй оролцсон нь олон нийтийн санал хууль тогтоох үйл явцад ямар чухал болохыг харуулсан. Нөгөө талаас иргэдийн дуу хоолойг сонсож, тусгах чадвартай Ерөнхийлөгч, УИХ байгаагаа бас харууллаа. 

Төсвийн зардлыг танах нь инфляц нэмэгдэх дарамтыг бууруулах, мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр зээлийн хүү буурах, улсын зээлжих зэрэглэл сайжрах зэрэг давуу талуудаас гадна төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын реформ хийх зэрэг бодлогын шилжилт хийхээс өөр аргагүй нөхцөлд оруулж байна.

Энэ хандлага нь эдийн засгийн бодлогын хувьд зөв зам дээр гарах эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна. 

Хэдийгээр хүссэн хэмжээгээр 2025 оны төсвийн зардлыг бууруулах төсөл орж ирээгүй ч, цаашид 2026, 2027 онуудад төсвийг мөн алдагдалгүй байлгахаар төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл оруулж ирсэн учир өргөн барьсан төслийг цаг алдалгүй хэлэлцэж, дэмжин батлах бодолтой байна" хэмээв.