Барилгын салбарт хууль эрх зүйн болон тогтолцооны томоохон реформ хийх шаардлагатай
Э.Энхбаяр: Эй Ди И Пи ХХК-н Үүсгэн байгуулагч, Зөвлөх архитектор
2024.11.18

Барилгын салбарт хууль эрх зүйн болон тогтолцооны томоохон реформ хийх шаардлагатай

Mанай улсад барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах явцад, Барилгын тухай хууль болон барилгын норм дүрэм, журам, стандартын холбогдох шаардлагуудыг хангаагүй нийтлэг зөрчил дутагдал хот байгуулалтын хувьд ч барилга байгууламжийн төлөвлөлтийн хувьд ч ажиглагддаг. Барилгын норм дүрэм стандартыг  хангахгүй байгаа нь олон талын хүчин зүйлээс болж байгаа гэж бодож байна. Аливаа барилга байгууламж нь хүний хэрэгцээ шаардлагыг хангаж байх нь маш чухал. Үүний нэг хэмжих хэрэгсэл нь байгаль орчинд хор хөнөөлгүй, эрүүл ахуйн болон гоо зүйн хувьд тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд захиалагч болон архитектор, инженерүүдийн хамтаар ажиллан тухайн өгөгдсөн орон зайд тохирох, захиалагчийн хэрэгцээ шаардлага хангасан архитектур дизайны орчин бүрдүүлэхэд оршдог.

Барилын зураг төслийг боловсруулж байгаа аливаа мэргэжлийн хүн холбогдох эрх зүйн бодлогын бичиг баримт, түүнийг дагасан норм дүрэм журам стандарт, ёс зүй зэргийг мөрдөж өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ, судалгаа шинжилгээ туршилт шинэ дэвшилтэд технологийг эрж хайн, боловсруулж буй архитектурын бүтээлд, зураг төслийн даалгаврын дагуу, захиалагч ба ашиглах хүмүүсийн хэрэгцээ шаардлага зэргийг олон талаас нь харж бодож төлөвлөх ёстой байдаг. 

Ингэхдээ тухайн орчин орон зайд зөв тохирсон, орц гарц аюулгүй байдал, нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоол, ногоон байгууламж зэргийг бодолцон төлөвлөхдөө өгөгдсөн орон зайд, нийгэм эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байхаар бодолцон төлөвлөхөөс гадна. Тухайн байгууламжийн дотор болон гадна орчны дуу чимээ, байгаль цаг уурын нөлөөлөл зэрэгт тэсвэртэй, эрүүл ахуйн шаардлага хангасан хор хөнөөлгүй тав духтай орчин бүрдүүлэхэд анхаарах. Тухайлбал барилгын өргөн, өндөр, ерөнхий хэлбэр дизайн орц,гарц, хүлээлгийн танхим, барилгын зориулалтаас хамаарч өрөө тасалгааны зохион байгуулалтын төлөвлөлтийн шийдэл, бусад хаалга, цонх гэх мэт барилгын деталь нэг бүрийг  бодолцон боловсруулан төлөвлөдөг. 

Жишээ нь: Монгол орны цаг уурын бүсэд  байнгын нар тусдаг  зүгт  гал тогоо болон хориглосон заалтай тусгай өрөө тасалгааг төлөвлөж болохгүй. Монгол хүний аж амьдралын хэв маягт хоол ундны нэр төрлийн ихэнх нь чанасан, жигнэсэн, хуурсан, ус, уур, үнэр их ялгаруулдаг хоол байдаг. Энэ нь гал тогооны өрөөг зочны өрөөтэй нэгтгэн төлөвлөх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох хэрэгтэй .

Мөн орон сууц, олон нийтийн барилгын агааржуулалт болох салхивчийн системийг барилгын зориулалтаас хамаарч төлөвлөсөн байдаг ч байнга  хөргөлт агаар сэлгэлтийг ажиллуулах нь ховор. Тиймээс бид олон улсын шинэ дэвшилтэд технологийн шийдлийг өөрийн орны цаг уурын нөхцөл, нийгэм эдийн засгийн байдалд уялдуулан онол, практикийн туршилт хийсний үндсэн дээр төлөвлөн ашиглах хэрэгтэй юм. Танай байгууллага шинээр оффис худалдаж авах эсвэл түрээслэхээр зэхэж буй бол хамгийн түрүүнд барилгын зориулалт, архитектур төлөвлөлтийн шийдэл буюу өрөөний зохион байгуулалт аюулгүй байдал зэргийг анзаарч харахын зэрэгцээ барилгын мэргэжлийн архитектор, инженерээр шалгуулах хэрэгтэй юм.

Дотор засал чимэглэл интерьерийг  өөрчилж болох ч үндсэн барилгын төлөвлөлт зохион байгуулалт алдаатай бол тааламжгүй ажлын байр бий болно гэсэн үг. Улаанбаатар хотод олон төрлийн үйлчилгээ нэг дор хамт байхаар тооцоолж, төлөвлөсөн өндөр барилга баригдаж байна. Энэ нь бизнес талаасаа ашигтай ч, дотор нь ажиллаж буй аж ахуй нэгж, үйлчлүүлж буй иргэд, улсын хэмжээнд эх үүсвэрийн дутагдалтай байгаа  энэ цэг үед барилга байгууламж болгон өндөр байх нь хот төлөвлөлт талаас харахад хэр тохиромжтой зөв гэдгийг бодох хэрэгтэй. Барилга байгууламж өндөр байхын хэрээр тухайн барилгад тавигдах норм дүрэм стандартын шаардлага өндөр болно, орчин үед үүнийг хангахын тулд техник технологийн дэвшилтэд бүтээгдэхүүн түүнд хамааралтай төлөвлөлт зэргээр шийдвэрлэж байгаа нь ололтой ч тэр хэрээр барилга байгууламжийн өртөг өсдөг. 

Э.Энхбаяр: Эй Ди И Пи ХХК-н Үүсгэн байгуулагч, Зөвлөх архитектор

Харин сүүлийн үед нам давхрын энгийн хийцтэй барилгын зураг, төслийн захиалга нэмэгдсэн. Гадны улс орнуудад нам давхар олон нийтийн ба амины орон сууцны барилга их байдаг. Манай улс ч энэ жишгээр богино хугацаанд, бүс нутагтаа тохирсон инженерийн тооцоо судалгаатай, энгийн шийдэлтэй бага өртгөөр баригдах барилга барихад анхаарч  ажиллахаар зорилт тавьж буй нь сайн юм.  Дээр дурдсан нам давхар энгийн хийцтэй бага өртгөөр баригдах барилгыг гэр хорооллын бүсэд барьснаар Улаанбаатар хотын утааг шийдвэрлэх олон аргын нэг болж үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Утаагүй эрүүл аюулгүй орчин бий болгох   шийдэл орон сууцжуулах ажил гэдгийг хүн бүр дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг шүү дээ. 

Үүнээс гадна нэн тэргүүнд монголчууд хамгийн түгээмэл хэрэглэж ирсэн гэрээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи, арга зүйг ашиглаж дулаалж чадвал утааг багасгахад хувь нэмэр оруулна. Энэ талаар олон зөвлөмж, сургалт явуулдаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Иймд тодорхой бодлогоор үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж хардаг. Тухайлбал хөдөөнөөс шилжин суурьших гэж буй иргэнд гэрээ ингэж дулаална, ийм төрлийн түлш хэрэглэнэ гэх мэт нарийн стандарт мөрдүүлж сургах. Хэрвээ хотоос тавигдаж буй энэ стандартыг хангасан тохиолдолд газрын гэрчилгээг олгоно. Эсвэл цахилгаанаар хангана гэх мэт дүрэм нь тодорхой бол иргэд дагаж, мөрдөх юм.  

Харин аль хэдийн хотын гэр хорооллын бүсэд суурьшиж буй иргэдэд санхүүгийн хөшүүрэг хэрэглэх. Энэ нь нөхцөлөө сайжруулахад иргэдийн оролцоотой хамтын шийдвэр дээр тулгуурласан, хариуцлагын тогтолцоо буюу торгуулийн болон урамшууллын ямар ч  хэлбэрийн байж болно. Байшингаа ингэж дулаал, ийм материал хэрэглэнэ гэх мэт стандарт тодорхой болгон шаардлага тавих. 

Түүнчлэн энэ ажлыг барилга угсралтын жижиг компаниуд стандартын дагуу гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг, үнэ тариф нь тогтсон байх шаардлагатай. Иймд барилгын салбарын хууль эрх зүйн норм дүрэм тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах болон тогтолцооны томоохон реформ хийх шаардлага үүсээд байна гэж харж байна. Салбартаа архитектораар 20 гаруй жил ажиллаж, том жижиг олон төсөл дээр ажиллаж байсан хүний хувьд дээрх реформыг хугацаа алдахгүй хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг юм. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn