Нурууны хүнд хэлбэрийн мурийлт, хүүхдийн дээд, доод мөчдийн төрөлхийн согогийг Монголд эмчилдэг болно
2024.10.22

Нурууны хүнд хэлбэрийн мурийлт, хүүхдийн дээд, доод мөчдийн төрөлхийн согогийг Монголд эмчилдэг болно

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд амбулаториор “Нурууны мурийлт” оноштойгоор үзлэгт хамрагдах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ.

Тухайлбал, 2019 онд 150 хүн ийм оноштой байсан бол өнгөрсөн жил дээрх тоо 3.5 дахин нэмэгдэж 554-т хүрч, 18 удаагийн мэс засал хийсэн байна. Түүнчлэн тус төвд хүүхдийн дээд, доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согог оношлогдох, цаашлаад энэ төрлийн мэс заслын тоо ч нэмэгдэх хандлагатайг мэргэжилтнүүд онцоллоо. Тиймээс Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон дээрх өвчний эмчилгээг нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор ГССҮТ-ийн эмч нарын баг БНСУ болон БНХАУ-ын эмнэлгийг зорьж, суралцахаар болжээ.  

Нурууны хүнд хэлбэрийн мурийлтын үеийн мэс заслын эмчилгээг суралцах БНСУ-ын “Кореа” их сургуулийн “Ансан” эмнэлэг нь дэлхийн дэвшилтэт анагаах ухааны судалгааны хүрээлэнтэй бөгөөд аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээ, эмнэлгийн хамтын ажиллагаанд тулгуурласан үйлдвэржилтийн платформыг бий болгож, дотоодын эрүүл мэнд, эмнэлгийн технологийн салбарт тэргүүлдэг байна. Харин “Сунчинхён” их сургуулийн “Бучён” эмнэлэг нь орчин үеийн эмнэлзүйн төвүүдэд нэн ховор байдаг томографын эмчилгээний төвтэй аж.

Эмч нар сургалтад хамрагдсанаар нурууны төрөлхийн болон шалтгаан тодорхойгүй хүзүү, сээр, бүсэлхий нурууны хүнд хэлбэрийн мурийлтыг мэс заслын аргаар эх орондоо эмчилдэг болохоос гадна нурууны бусад мэс засал “O-Arm болон Navigation system”-ийг нэвтрүүлнэ. Мөн  хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согогийн мэс засал эмчилгээ, хүүхдийн ясны хортой болон хоргүй хавдрын мэс засал эмчилгээний арга техникт суралцах юм.