Б.Энхбаяр: Монголын улс төрд хэн байх ёстойг банкны эзэд тодорхойлдог болсон
2024.10.19

Б.Энхбаяр: Монголын улс төрд хэн байх ёстойг банкны эзэд тодорхойлдог болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улсад сүүлийн 30 жил улс төр, бизнесийн үйл ажиллагаанд гол оролцогч, нөлөөлөгч болсон хүмүүс бол банкны эзэд. Банкны эзэд сүүлийн 30 жилд Монголын улс төрд хэн байх ёстойг ч тодорхойлдог болсон. Монголын аль олигтой, чөлөөт өрсөлдөөнд байж болох бизнесүүдийг банкны эзэд эрхэлж байна. Уул уурхайгаас эхлээд хамгийн сүүлд эрчим хүч рүү орсон. Арилжааны банкнуудын эзэд өөрсдөө бизнес эрхэлдэг явдлыг халъя талаар сүүлийн гурав, дөрвөн парламент дамжиж ярьсан. 2018 онд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, дангаараа 7.4.1-т дангаараа болон бусадтай хамтран санхүүгийн зах зээлд ноёрхох, өөр хоорондоо эсвэл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцохыг хориглосон. Энэ заалтын хэрэгжилт ямар байгааг Монголбанк хянаж, шалгадаг уу?


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Банкны тухай хуулийн 7.1-д банк ямар үйл ажиллагаа эрхэлж болох, юу хийж болохгүй хориглосон заалт бий. Банк бол санхүүгийн зуучлах үйл ажиллагааг эрхэлнэ гэж заасан байдаг. Хөрөнгийн бирж дээр таван том арилжааны банк хувьцаа эзэмшдэг. 10 хувиа олон нийтийн эзэмшил болгосон. Одоо 73,000 хувьцаа эзэмшигчтэй. Үүнтэй холбоотой заалт банкны тухай хуульд байхгүй. Банкны эзэн банкныхаа тодорхой хувийг эзэмшдэг. Өөр компанийн хувьцаа эзэмших, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг өөр бизнесүүд рүү орлоо гэхэд манай хуультай хамааралгүй учраас Монголбанк хяналт тавьдаггүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн банк болон нүүрсний сонсголд банкны эзэд бүх зээлийг өөрсдөдөө авч, төрийн мөнгөөр томорч байгаа нь тодорхой болсон. Банкны эздийн улс төр дахь оролцоо, нөлөөллийг нь багасгах гэж 2018 онд банкны хуульд банкны эздийг улс төрийн намд хандив өгөхийг хориглосон. Сүүлийн үеийн мэдээллээс 2024 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүдэд банкны эзэд арилжааны охин компаниудаараа дамжуулж хамгийн их хандив өгсөн байна. Монголбанк цаашдаа улс төрийн шийдвэр гаргалтаас хэр хараат бус байх боломжтой вэ. Тухайлбал, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого, төгрөгийн тогтвортой байдалд яаж нөлөөлөх талаар тооцоо, судалгаа хийсэн үү?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банкны тухай хуульд хараат бусаар үйл ажиллагаагаа явуулна, хараат бусаар шийдвэр гаргана гэж заасан байдаг. Монголбанкны гаргадаг хамгийг том шийдвэр бол бодлогын хүү. Бодлогын хүүг өсгөх, бууруулах шийдвэрийг их хурлаас томилсон 7 хүн гаргадаг. Шийдвэрийг тооцоо судалгаанд үндэслэж гаргадаг учраас хараат бус байдаг. Гэвч макро эдийн засгийн байдлаас харахад төсөв тэлж байгаа үед мөнгөний бодлого тэлэх ямар ч зай байхгүй. Эдийн засгаа л тогтвортой байлгах тэнцвэртэй хадгалах үүднээс өнөөдөр мөнгөний бодлого шийдвэрээ гаргаад явж байгаа. Монгол улсын дундаж өрхийн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний 50 хувь нь импортын бараа бүтээгдэхүүн. Өрхийн орлого, хэрэглээ нэмэгдэхэд импортын бараа бүтээгдэхүүний хэрэглээ л нэмэгдэж байдаг гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Монгол Улс 2014 оноос хойш зээлжих зэрэглэл доогуур үзүүлэлттэй явж байгаад 10 жилийн дараа ахилаа. Үүнийг дагаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкнуудын зээлжих зэрэглэл өсөж байгаа гэж ойлгож байна. Зээлжих зэрэглэл өсөхөд эдийн засаг, арилжааны банкнуудад гадаад зээлийн эх үүсвэрүүд хэрхэн орж ирэх вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2012 оноос хойш буураад явж байсан зээлжих зэрэглэл сайжирсан. Хамгийн эхэнд Фитч агентлаг сайжруулсан. 2012 онд эдийн засаг 17,5 хувь өсөж байсан тэр дүндээ буцаад очно. Эдийн засаг сэргээд байвал зээлжих зэрэглэл сайжирна. Хувийн ААН-үүд дээр улсын зэрэглэлээс өндөр оноо тавьдаггүй. Улсын зээлжих зэрэглэл ахих тусам ААН-үүд зээлжих зэрэглэлийн оноогоо ахиулах боломжтой. Зээлийн зэрэглэл сайжрахад эрсдэл багасаж, хүү буурдаг.
Оны эхээр гаргаж байсан бондуудын өгөөж зах зээлд буугаад, нэг оронтой тоо руу орчихсон. Удахгүй Улаанбаатар хот бүтээн байгуулалтдаа зориулж бонд гаргах гэж байна. Тухайн бондын хүү нэлээд бага байна гэдэгт итгэлтэй байна. Эх үүсвэр хүү багатай ороод ирж байгаа учраас цаашаа гарах зээлийн хүү ч буурах боломжтой. Ногоон бонд, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой, эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байгаа зээлийн хүү дундаж зээлийн хүүгээс доогуур байдаг.