УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Британийн парламентын ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа
2024.10.15

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Британийн парламентын ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Хосбаяр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр Ассамблей болон Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцож байгаа билээ.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2024.10.15) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Их Британи Улс өнгөрсөн 07 дугаар сард парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж, Нийтийн танхимын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчид болон Лордуудын танхимын гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулиа мөн энэ оны 06 дугаар сард амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу анх удаа таван нам, эвслийн төлөөллөөс 126 гишүүн сонгогдсныг тэмдэглээд, сонгуулийн дүнд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн тоо 32, нийт гишүүдийн 25.4 хувийг эзэлж байгаа нь монголын парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гэлээ. Мөн Улсын Их Хурал дахь Монгол-Британийн найрамдлын бүлэг өнгөрсөн 09 дүгээр сард албан ёсоор байгуулагдсыг дурдав.

Түүнчлэн, өмнө нь хойшлогдсон Их Британийн парламентын төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлал энэ удаад амжилттай хэрэгжиж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэл дүүрэн байна хэмээлээ.

Их Британийн парламентын төлөөлөгчдийн ахлагч, ОУПХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Собел монголын парламентын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах завшаан гарсанд баяртай байна гээд, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэсэн Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцах зорилтын хүрээнд Монгол Улсад хийх айлчлалыг хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Талууд энэхүү айлчлал хоёр талын цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болно гэдэгт санал нэгдэв.

Мөн өдөр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.