Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
2024.10.04

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэй танилцаж, тус салбарын тогтолцоог оновчтой болгох талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан (2024.10.04)-ний өдөр боллоо.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр хуралдааны эхэнд Улсын Их Хурлын даргын захирамж, ажлын хэсгийн чиг үүргийг танилцуулаад, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл, тулгамдаж байгаа асуудлыг судлах үүднээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ), Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын мэдээллийг сонсохын зэрэгцээ Эрүүл мэндийн яамны байр суурийг сонсохоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг урьж оролцуулж буйг мэдээлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг танилцууллаа. Тэрбээр 2015 онд батлагдсан хуулийн шинэчилсэн найруулга, 2020 онд батлагдсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлсэн “нэг худалдан авагч”-ийн тогтолцоо, түүний хэрэгжилт, мөн тулгарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэл өгөв. Хуулийн хэрэгжилтийн үр дүнд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн чирэгдэл багасаж, хүртээмж 58.8 хувиар өссөн байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг гүйцэтгэлээр санхүүжүүлж эхэлснээр давхардал, хуваагдмал байдал арилж, чанарын хяналт сайжирч байгаа талаар тэрбээр өгүүллээ.

Мөн хуралдаанд НДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэл цуглуулах үйл ажиллагаа, өр авлагын байдлыг мэдээлэв. Эдгээр сангууд харилцан гэрээ байгуулж ажилладаг бөгөөд даатгуулагчдын шимтгэлийг нэгдсэн байдлаар цуглуулж, зохих хувиар хуваарилан төвлөрүүлдэг байна. Сангуудын өр авлагын дотор одоогийн байдлаар ажил олгогчдын өглөг томоохон хувийг эзэлж байгааг тэрбээр дурдаж, сүүлийн саруудад эрүүл мэндийн байгууллагуудын өр төлбөр ихээхэн нэмэгдээд байгааг онцолсон юм.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүн Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн нар салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа журам, дүрмүүд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудад ирж байгаа цахим бүртгэл хөтлөлттэй холбоотой нэмэлт ачаалал, шимтгэлийн орлого цуглуулах, тусламж үйлчилгээ худалдан авах болон нэхэмжлэл хянах чиг үүргүүдийн уялдаа ба зөрчилтэй байдлын талаар асуулт асууж, мэдээлэл авлаа.

Ажлын хэсгийн хуралдаанд хийсэн мэдээлэлдээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэлт, “нэг худалдан авагч”-ийн болон “гүйцэтгэлийн санхүүжилт”-ийн тогтолцооны талаар тайлбар өгч, Ковид19 цар тахлын үед Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлыг буцааж төвлөрүүлээгүйгээс өнөөдөр үйл ажиллагаа нь доголдоод байгаа гэсэн юм. Тэрбээр одоо үүсээд байгаа өр төлбөрийн асуудал нь эдгээр тогтолцооны өөрчлөлттэй холбоогүй гэдгийг онцолж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг цогцоор нь шинэчлэн, хэт хавтгайруулсан үнэ төлбөргүй үйлчилгээний тоо, хэмжээг багасгах, иргэд, даатгуулагчдад өөрсдөд нь үүрэг, хариуцлага оногдуулах зэрэг бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг тэмдэглэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаарх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, Э.Болормаа, Н.Номтойбаяр нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяр дараагийн хуралдааныг аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, томоохон эмнэлгийн төлөөллийг оролцуулан, өртгөтгөсөн бүрэлдэхүүнээр хийхээр бэлтгэж байгаагаа мэдээлэв.