Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ
2024.08.07

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийн хамт 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын саналыг тусгажээ.

Үйл ажиллагааны хөтөлбөрт

· Бүсчилсэн хөгжлийн бодлого

· Хүний хөгжлийн цогц бодлого

· Үндэсний баялгийн сан ба орон сууцжуулалтын бодлого

· Эдийн засгийн бодлого

· Бүтээмжтэй, цомхон төрийн бодлого гэсэн таван бүлгийн хүрээнд “Улаанбаатар хот-20 минутын хот”, “Бүсчилсэн хөгжил”, “Боловсролын чанарын шилжилт ба хүртээмж”, “Эрүүл монгол хүн”, “Дундаж давхаргыг тэлэх бодлого”, “Үндэсний баялгийн сан”, “Орон сууцжуулалт”, “Эдийн засгийн эрх чөлөө”, “Хүртээмжтэй эдийн засаг”, “Эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээнд суурилсан салбар дундын шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэлт”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба олон улсын нөхцөл байдал”, “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого”, “Иргэндээ ээлтэй засаглалын бодлого” зэрэг 13 бодлогын зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Үндэсний эрх ашиг, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх шаардлагын дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ таван үндсэн чиглэлд анхаарч ажиллах юм. Үүнд:

Нэгдүгээрт, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Улаанбаатар-20 минутын хот зэрэг бүс бүрд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.

Хоёрдугаарт, Боловсрол, эрүүл мэндийн салбар, дундаж давхаргыг тэлэх бодлогод анхаарал тавьж, хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулна.

Гуравдугаарт, Үндэсний баялгийн санг орон сууцжуулалттай уялдуулж, 150 мянган өрхийг орон сууцжуулна.

Дөрөвдүгээрт, Шинжлэх ухаан, технологид суурилсан мэдлэгийн шилжилт хийж, аж үйлдвэржилт, ногоон хөгжил, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад онцгойлон анхаарна.

Тавдугаарт, Авлигын эсрэг шударга ёсны тэмцэл, цахим засаглал, “И-Монголиа” нэгдсэн системийг үргэлжлүүлж бүтээмжтэй, цомхон төрийг бий болгон, эдийн засгийг либералчлах чиглэлүүд багтжээ.

Засгийн газрын хуралдаанаар мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсөвт тодотгол хийж буй гол үндэслэл нь УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдаж буй мега төслүүдийн ажлыг шууд эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэж байна.