“Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцерыг хүлээн авч уулзлаа
2024.06.09

“Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцерыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд 2024 онд дотоод болон олон улс руу чиглэсэн арга хэмжээнүүдийг нэгтгэх “Go Mongolia” Үндэсний брэндингийг хэрэгжүүлж буй. Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэлхий дахинд сурталчлах, жуулчдыг татах зорилготой “Go Mongolia” брэндингтэй хамтран ажиллахаар Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй тус клубийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Дэлхий дахинд 3.5 тэрбум үзэгчтэй “Премьер” лигийн түүхэн баг болох “Фулхэм” клубтэй Монгол Улс хамтран ажиллах болсонд баяртай байна. “Фүлхэм” клубийн баг тамирчид болон тэдний дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлал, үндэсний өв соёлыг дэлхий дахинд сурталчлах таатай боломж бүрдэж байна. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын үндэсний брэндийг олон улсын хэмжээнд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Мөн Монголын спортын салбар, ялангуяа хөлбөмбөгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, залуу тамирчдад суралцах, хөгжих алтан боломж нээгдэж байгаа гэж үзэж байна. Цаашлаад “Фүлхэм” клубийн төлөөлөгчид болон Монгол Улсын хооронд соёлын харилцааны гүүр болоод зогсохгүй хоёр орны иргэдийн хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, найрсаг харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Энэ үеэр Английн “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер хотын дарга Х.Нямбаатарт түүний нэртэй хөлбөмбөгийн өмсгөлийг бэлэглэсэн юм.