2024.01.30

Олимпын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын баг тамирчид олимпын наадамд анх оролцсон түүхэн өдрөөс хойш яг 60 жил өнгөрчээ.

Энэхүү түүхэн өдөр болон Орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Нийтийн биеийн тамир спорт, Олимпизмын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ олимпын анхдагч, ахмад тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

1964 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол улсаас цаначин, тэшүүрчин, дасгалжуулагч нийлсэн 21 тамирчин Иннсбрукийн өвлийн есдүгээр олимпын наадмыг зорин очсон байдаг. Тэдний төлөөлөл, өдгөө амьд сэрүүн, энх тунх амьдарч буй ахмад тамирчин Д.Пүрэвлоов, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, Л.Боль нартай уулзав.

Олимпын анхдагч нар маань эдүгээгээс 60 жилийн өмнөх тэр өдрүүдийнхээ дурсамжийг хуваалцсан. Манай улсын тэшүүрчид Казахстанд, цаначид Польшид бэлтгэл хийж байсан тухай ахмад тамирчин Л.Боль дурсан ярив.

“Тэшүүрийн Цэнд маань төрийнхөө далбааг бариад олимпын талбайд орж ирэхэд “Чингисийн Монгол” хэмээн уухайлаад манай баг тамирчдыг их сайхан хүлээж авч байсан нь одоо ч бидний сэтгэлд тод үлджээ” хэмээн ахмадууд хуучилж байлаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn