УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн барьсан “Жороо морины унаачид улсын цол олгох тухай” хуулийн төслийг хэлэлцэнэ
2024.05.28

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн барьсан “Жороо морины унаачид улсын цол олгох тухай” хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Жороо морины уралдаанд морь нь түрүүлж, айрагдсан уяачид цол, чимэг олгох” санаачлагыг гаргаж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өнгөрсөн 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Тэгвэл түүний санаачилсан тус хуулийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн пүрэв гарагийн /2024.05.29/ хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. 

-ЖОРОО МОРИО ТҮРҮҮЛЖ, АЙРАГДУУЛСАН УЛС, АЙМАГ, СУМЫН УЯАЧИД ЦОЛ, ЧИМЭГ ОЛГОХООР ХУУЛЬД ТУСГАЖЭЭ-

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нь хуулийн танилцуулгадаа “Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан бөгөөд энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.19-т “Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно” гэж заасан. 1996 оноос эхлэн жил бүрийн баяр наадмын сүүлийн өдөр буюу 7 дугаар сарын 13-ны өдөр Уяачдын наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулсаар ирсэн бөгөөд жороо морины уралдааныг зохион байгуулах, уяачид цол, чимэг олгох зохицуулалт нь тодорхойгүй байсан.  

Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах жороо морины уралдааны уяачид улс, аймаг, сумын цол, чимгийг олгох нь эрт үеэс уламжлагдан ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлэх, наадамчин олны жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ. 

Адуу болгонд байдаггүй жороолох өвөрмөц явдал нь эрт үеэс морьтон монголчуудын ажигч гярхай нүдэнд өртөж улмаар жороо морийг аянд унах нь бараг үгүй дээдлэн хайрлан, найр наадам, баяр ёслол, гоёлд унадаг унаа нь болон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй өв соёл юм.

Адууны сайварлах, жороолох явдлыг нүүдэлчин ахуй амьдралын ухаан туршлагаараа ялган ангилан, байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жороо зэргээр нэрлэж хэрэглэгдсээр ирсэн өв соёл, түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлсон болно. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо зөрчилдөхгүй бөгөөд жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид улс, аймаг, сумын цол, чимэг олгох эрх зүйн зохицуулалтыг хуульд нэмж тусгасан” гэжээ.

Түүнийг боловсруулсан хуулийн төсөл нь 

  • 1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.20 дахь хэсэг нэмсүгэй:
  • “10.20. Энэ хуулийн 10.19-д заасан жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид энэ хуулийн 10.4, 10.5, 10.6-д заасан цол, чимэг олгоно.”
  • 2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн “10.7-д” гэснийг “10.7, 10.20-д” гэж өөрчилсүгэй.
  • 3 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн гурван л заалттай юм.