СЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллах үеэр улс төрийн зарим намын төлөөлөл, сэтгүүлчид иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар мэдээлэл авав.
Ээлжит сонгууль бүрээр сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор сонгогчдыг олноор нь шилжүүлсэн гэх мэдээллийг олон нийтэд цацагддаг. Одоогийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд энэ талын ямар нэгэн албан бичиг, шаардлага ирээгүй байгаа аж. Гэхдээ УИХ-ын сонгууль зохион байгуулах чиг үүргийнхээ хүрээнд бодит мэдээллийг тодруулах, олон нийтэд хүргэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга энэ үеэр онцлов.
Сүүлийн таван жилийн бүртгэлээс үзэхэд, 2019 онд 145088 бүртгэл хийж байсан бол 2020 онд хамгийн их буюу 278180 бүртгэл бичигджээ. Харин энэ оны шилжилт хөдөлгөөн зогсох хүртэлх хугацаанд 70071 иргэн шилжсэн байна. Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй бөгөөд холбогдох судалгаа байдаггүй аж. Сонгогчдын нэрийн жагсаалтыг өнгөрсөн сарын нэгний өдрөөс https://election.burtgel.gov.mn/ цахим хуудаст байршуулаад буй. Одоогоор 17 мянган сонгогч мэдээллээ шалгасан нь хангалтгүй үзүүлэлт юм. Иймд иргэн бүр өөрийн мэдээллийг шалгаж, тухайн хаяг дээр өөр хүн бичигдсэн эсэхийг шалгаж, гомдол гаргах боломжтойг Улсын бүртгэлийн газрын Тамгын газрын дарга Г.Цолмон хэллээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс зургаадугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байна.