Нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авч байна
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг 2024 оны дөрөвдүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 6 нам, 1 эвслийн хүсэлтийг хүлээн авлаа. Тодруулбал, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөв. Нам, эвслийн удирдлагууд сонгуульд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.