ҮАГ нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөв
Үндэсний аудитын газар нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэн өгөв.
УИХ-ын сонгуульд оролцох нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг энэ оны гуравдугаар сарын 22, 23, 24-нд хүлээн авч, холбогдох хуулийн хүрээнд шалгаж үзэхэд шаардлага хангасан мөрийн хөтөлбөр ирүүлээгүй байсныг засаж ирүүлэхээр буцаасан юм. Иймд тэдгээр мөрийн хөтөлбөрт тус байгууллага дахин аудит хийж үзээд, 27 нам, 2 эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцсэн хэмээн дүгнэлт гаргасан байна.
Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад нам эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн нийцлийн аудитын дүнг хүлээлгэн өгөх үеэрээ тодорхой танилцуулга хийсэн аж.