Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна
2024.04.23

Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна

Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 17 болон 20 дугаар хороонд ажиллалаа.

Тус дүүргийн 20 дугаар хороо буюу хуучин товчоо орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайд хоёрдогч түүхий эд, хаягдал төмөр хураах, хүнд даацын автомашин байрлуулах зэрэг олон зөрчил гаргадаг. Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдөр хороодод ажиллаж байгаа шалтгаан бол Улаанбаатар хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг Сонгинохайрхан дүүргийн удирдлага, хотын харьяа агентлагууд хамтдаа хийх хэрэгтэй. Энэ зам Энхтайваны өргөн чөлөө буюу Улаанбаатар хотын баруунаас зүүн зорчих гол зам. Энэ замаар гадаад дотоодын зочид явдаг. Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан үзэхээр Хүй долоон худаг, баруун аймгууд явдаг. Гэтэл энэ зам дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд газрыг олгосон зориулалтаас нь өөр зориулалтаар ашиглаж байгаа зөрчлүүд олон жил үргэлжилж байгаа. Тухайлбал, энэ төв зам дагуу хоёрдогч түүхий эд авах, хаягдал төмөр цуглуулах байдал их. Цаашлаад уул уурхайн тоног төхөөрөмжүүд, том дунд оврын машиныг нийтийн эзэмшил, явган хүний зам хааж тавьж худалдан борлуулдаг. Түүнчлэн автомашины дугуй худалдаа, хивэг, будаг зарж байна. Ашиглалтын шаардлага хангахаа байсан машинуудыг тээвэрлэх, засварлах, тос масло солих олон үйл ажиллагаа явуулаад байна. Ерөөсөө явган хүн алхах боломжгүй шахам боллоо. Эдгээр асуудлыг цэгцлэх чиглэлээр ажиллана” гэсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Энэ жил цас их унасан учраас замууд дээр давс, бодис маш их хэмжээгээр цацсан. Үүнээс улбаалж эвдрэл их гарлаа. Энэ сарын 10-наас замын нөхөөс хийх ажлууд эхэлсэн” гэдэг мэдээллийг өгөв. Өнөө жил Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүхэлд нь хучих ажил хийнэ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Энхтайваны өргөн чөлөөний замыг хучих хүрээнд Орбитын зам, Тахилтын зам, Найрамдлын зам, Баянхошууны замыг бүхэлд нь хучна” гэдгийг онцоллоо.

Харин Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Хархорин” худалдааны төвөөс “Саппоро” хүртэл 1.5 км газарт ногоон байгууламж, дугуйн зам, тоглоомын талбай, зогсоол, стандарт шаардлага хангасан ус зайлуулах хоолой зэргийг хийсэн. Дээрх ажилтай хотын дарга танилцаад 1 дүгээр хорооллын ард зам дагуух нийтийн эдэлбэр газрыг хууль бусаар ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгах, барьсан байгууламжийг буулгаж амралтын талбай болгон тохижуулах үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд үүрэг болголоо.