2024.02.27
‘’БУЯНТ-УХАА 2’’ ХОРООЛЛЫН ТАЛААР ТАЙЛБАР ӨГЛӨӨ
‘’Буянт-Ухаа 2’’ хорооллын энгийн түрээсийн гэрээг түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлж байгаа талаар тайлбар өглөө.
- Буянт-Ухаа 972 айлын орон сууц нь 2019 онд Засгийн газрын 223 дугаар тогтоолоор нийслэл хотод 73,8 тэрбум төгрөгийн таван жилийн хугацаатай зээлийн хэлбэрээр шилжиж ирсэн. Зээлийн эргэн төлөлтийг Нийслэлийн орон сууцны корпораци хариуцаж явдаг.
- Нийслэлийн Иргэдийн Хурлын 115 дугаар тогтоолоор тухайн 972 айлын орон сууцны 30 хувийг энгийн түрээсийн хэлбэрээр, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлтөд орсон иргэдэд гэж хувиарлан өгч байсан.
- Түрээслээд өмчлөх хэлбэрийн 30 хувийн 270 айлын төлбөр хэвийн төлөлттэй явж байгаа. Энгийн түрээсийн айлууд дээр Нийслэл жил бүр алдагдал хүлээдэг. Энгийн түрээсийн айлуудаас хуримтлагдсан алдагдал явсаар байгаад Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн төлбөр хэвийн бус ангилал руу шилжсэн.
- Засгийн газрын 2023 оны 220 дугаар тогтоолоор тухайн орон сууцны энгийн түрээсийн иргэдийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болгож Хөгжлийн банканд эзэмшүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор 2023 оны НИТХ-ын 77 дугаар тогтоолоор өмнөх 115 дугаар тогтоолыг “Хүчингүй” болгосон. Тус хүчингүй болсон тогтоолд энгийн түрээсийн 30 хувь, түрээслээд өмчлөх хэлбэрийн 30 хувь гэж заасан байдаг.
- Засгийн газрын 220 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах болон Хөгжлийн банканд төлөх төлбөрийн эргэн төлөлтийг сайжруулах ажлын хүрээнд энгийн түрээсийн айлуудыг түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлж байгаа.
- Мөн 2019 оноос хойш тухайн байрны 100 гаруй оршин суугч энгийн түрээсийг түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлж өгөөч, бид нар өөрсдөө энэ оршин сууж байгаа байраа эзэмших хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан учир энэхүү хүсэлтийн дагуу иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлж байгаа.