"Хөрсний ус соруулах насос байрлуулж, голуудын усыг тохируулдаг усан сан байгуулах ажлуудыг төлөвлөсөн"
Улаанбаатар хотын гурван байршилд хөрсний ус соруулах насос байрлуулах шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Энэ талаар "Баруун дөрвөн замаас Хархорин хүртэлх зайд хөрсний ус зайлуулах насосыг 1987 онд Югославын мэргэжилтнүүд тавьж өгсөн байдаг. Энэ насос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.
Одоо бидний тооцоолж байгаагаар Улаанбаатар хотын хойд, урд, баруун, зүүн талд тус тус хөрсний ус зайлуулах насос байрлуулахаар Усны барилга байгууламжийн албаныхан тооцоо судалгаа хийж, удахгүй НОК-т танилцуулах шийдвэр гарсан.
Бараг хоёр сая орчим хүн амтай болсон Улаанбаатар хотод голуудын усыг тохируулдаг гадаргын усан сангийн нэг ч тохируулга байхгүй. Сэлбэ голын хэдэн хаалтууд л байгаа.
Гадаргын усан санг ашиглах замаар Туул, Сэлбэ голын усыг тохируулдаг тохируулга бүхий таван усан сан байгуулах Техник Эдийн Засгийн Үндэслэл 1987 онд боловсруулагдсан юм билээ. Энэ дагуу Туул голыг Тэрэлжээс нааш таван газарт боож, голын ус тохируулж, улмаар тохируулсан усан сангаас Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг хангах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа.
Голын мөс цохиж, зөөдөг, шороо овоолж далангаа хамгаалдаг нөхцөл байдалтайгаар энэ хот цаашид явахгүй. Усны эрин ирж байгаа цаг үед сан байгуулж ус хуримтлуулж авдаг инженерийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн" хэмээн хэллээ.