Нийслэл автомашины дугаарыг хариуцах агентлаг байгуулна
2024.02.14

Нийслэл автомашины дугаарыг хариуцах агентлаг байгуулна

Нийслэлийн ИТХ энэ сарын 8-нд хуралдаж Улаанбаатарт олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга гэж тогтоосон.

Ингэснээр Улаанбаатарт 730 мянгаас илүү нэмж шинээр автомашины улсын дугаар олгохгүй гэсэн үг юм. Одоогоор Улаанбаатарын улсын дугаартай 710 мянган машин байдаг аж. Иргэд шинээр машин худалдаж авахдаа хуучин дугаараа авч үлдэх, эсвэл дугаараа шинээр худалдаж авах шаардлагатай болж байгаа билээ. Гэхдээ энэ нь зөвхөн Улаанбаатарын дугаар авах иргэдэд хамаатай.

Тэгвэл тус шийдвэртэй холбоотойгоор нийслэл Улаанбаатарын дугаар буюу У серийн дугаарыг хариуцах шинэ агентлаг байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл, тус шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Авто тээврийн үндэсний төвөөс Улаанбаатар хотод зорчих серийн дугааруудыг шилжүүлэн авч нийслэл тусдаа агентлаг байгуулах юм байна.

Хуучин хэвээр нийслэлд нэмж дугаар олгосоор байвал 2025 он гэхэд Улаанбаатар хот тэг зогсолтод орох эрсдэл үүсээд байгаа талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлж байгаа. Учир нь одоогоор жилд 50 мянган машин шинээр нэмэгдэж байгаа юм.