Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас багц шийдвэрийг гаргалаа
2024.02.28

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас багц шийдвэрийг гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 28-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  •  “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нөөцөд буй 10,200 тн тэжээлийн буудай, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тн тэжээлийн буудай, малын тэжээлийг тус тус татан төвлөрүүлж төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов.
  • Орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.  
  • ·Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.   
  • ·Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад хүнсний бүтээгдэхүүн олгох шаардлага үүсээд байна. Хаваржилт хүндэрч байгаа аймгуудын малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэлээ.
  • ·      Хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Цаашид орон нутагт сурагчдын амралтыг цагаан сарын баяр болон тухайн бүс нутагт мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн бүтцийг хот, орон нутагт ялгаатай тогтоох нь зүйтэй гэлээ.
  • Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа. Мөн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарлаа.
  •  Малчдын зээлийн талаар авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Арилжааны банкууд дахь малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх асуудлыг судлан Монголбанк, арилжааны банкуудтай зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгалаа. Арилжааны банкууд дахь малчдын зээл 1,3 их наяд төгрөг байна.