Хаваржилт хүндэрсэн Налайх дүүрэгт ЗГ-ын шийдвэрийн дагуу 50 тонн тэжээл үнэ төлбөргүй олгов
2024.02.26

Хаваржилт хүндэрсэн Налайх дүүрэгт ЗГ-ын шийдвэрийн дагуу 50 тонн тэжээл үнэ төлбөргүй олгов

Зудын эрсдэлийн үнэлгээгээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 2 дүүргийн нэг болох Налайх дүүрэгт ажиллаж, 1-р хорооны малчин Ш.Пүрэв, Ш.Цагаанбатынх болон 3-р хорооны малчин Д.Цэвээн гуайнхаар орж санал сэтгэгдлийг нь сонслоо.

Майхан ууланд нутаглаж буй 1-р хорооны малчин Ш.Цагаанбатынх цасанд боогдсоны улмаас сургуулийн насны 4 хүүхэд нь өнгөрсөн 7 хоногт Налайх дүүргийн төв рүү хичээлдээ явж чадаагүй гэнэ. Тэднийх өнгөрсөн намар 500 боодол өвс, 1 тонн гаруй улаан буудайг тэжээлд зориулж нөөцөлсөн бөгөөд улаан буудайг буцалгаж, хивэгтэй хольж өгснөөр мал хүч тэвээрэг сайн авахын зэрэгцээ биеийн дулаанаа хадгалдаг хэмээн туршлагаасаа хуваалцав.

Мөн тус хорооны малчин Ш.Пүрэв гуай гэргийтэйгээ 2-уулаа, ганц гэрээрээ өвөлжиж байгаа бөгөөд сүүлд шуурсан цасанд боогдож, өвс тэжээлээ ч дөхүүлж чадахгүйд хүрчээ. Хүн бүл муутайн дээр хахир өвлийн хүйтэнд хунгарласан цасаа цэвэрлэж, зам гаргахаар өдөр шөнийг ялгалгүй зүтгэж байна.

Харин 3-р хорооны малчин Д.Цэвээн гуай энэ намар тэтгэврийн зээл авч 1000 боодол өвс бэлтгэжээ. 50 гаруй үхэрнээсээ өнгөрсөн намар хэрэгцээлж, одоогоор 30 үхэр хаваржуулж буй аж. Хаврын урт өдрүүдийг туулахад дахиад ч өвс тэжээл нэмж авах шаардлагатай буйгаа хэлж байв. Налайх дүүргийн хувьд энэ жил 830 өрхийн нийт 43 мянган мал өвөлжиж байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газрын шийдвэрээр УОК-оос нийт 40 тонн хивэг, 80 тонн хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр олгосон бол нэмэлтээр 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэв.