Ж.Бат-Эрдэнэ: Зуд болохоор төр өвс барьж гүйх биш малчдаа мөнгөжүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, малчдад туслах санхүүжилтийг шийдэх санал гаргаад байна. Ийм шаардлага байна уу?
-Миний хувьд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Мэдээж нөхцөл байдал хүнд, хүнд өвөл хавар болж байгаа. Малчдадаа тодорхой хэмжээгээр туслах нь зүйн хэрэг. Гэхдээ зээлийг нь тэглэнэ гэдэг нэгд, улсын эдийн засагтай холбоотой. Хоёрт, нэг салбарт ийм том хэмжээний хөнгөлөлт үзүүлэх нь зөв үү, буруу юу. Би Шинэ хөдөө гэж ярьдаг. Шинэ хөдөө гэдэг бол малчдын нөхцөл байдлыг л сайжруулах асуудал юм. Нэг жилийн цас, зуднаар хэдэн малаа тавиад туучихдаг, араас нь явж байгаад өөрсдөө осгодог, энддэг мал аж ахуй байж болохгүй.
Тэгэхээр энэ нөхцөл байдлыг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Ер нь манай улс цаашдаа малчдаа яах юм. Мал аж ахуйгаа хэрхэн өөрчлөх вэ гэдэг талаас нь харж салбарын шинэчлэлийн асуудлыг ярих хэрэгтэй. Тухайлбал, малын өвөлжөө, хаваржаа гээд ядсан юманд малаа агуулж байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг далимдуулаад улсын төсөв байдаг юм уу, зээл тусламжаар малчдынхаа хашаа, хороог шинэчилж өгөх хэрэгтэй.
2022 онд Азийн хөгжлийн банкны тусламжаар малчдад "Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн хөгжил" гэсэн төсөл орж ирж байсан. Тухайн үед хэдэн малчдадаа хашаа, хороо барьж өгөх гэж байна гээд УИХ унагасан. Миний хувьд УИХ, Засгийн газар дээр арга хэмжээ аваад малаа хашдаг олигтой хашаа, саравчтай болгоё, үүнийх нь зээл тусламжийг шийдье. Энэ бол хэдэн малчидад туслаад байгаа юм биш. Нэгд, мал аж ахуй гэсэн том салбараа, хоёрт, хүнсний хангамж, үйлдвэрлэлийг дэмжих том салбарын асуудал. Яг үнэндээ ийм хоцрогдсон мал аж ахуйтай байж болохгүй болчихоод байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлсэн мал аж ахуйтай болъё гэсэн концевц гаргаж ирмээр байна.
-Булган аймагт нөхцөл байдал ямар байна вэ. Одоогоор хэдий хэмжээний мал хорогдоод байна?
-Нэлээд хүндэрсэн газруудтай харьцуулахад Булганд арай гайгүй байгаа. Гэхдээ Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Рашаант сумуудад нөхцөл байдал хүнд байна. Бусад сумдаар арай гайгүй. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 35 мянган мал хорогдсон гэсэн мэдээ байна.
-Малчдад ямар тусламж илүү их хэрэгтэй байна вэ?
-Мал аж ахуйг хөгжүүлэхэд малчдад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Нэг салхи шуурга, зуд болохоор Засгийн газар, улстөрчид нь хүнсний тусламж өгөөд, хэдэн боодол өвс бариад гүйгээд байх биш малчид өөрсдөө зудыг давах боломж бололцоогоор нь хангах хэрэгтэй. Үүн дээр нь төр дэмжлэг үзүүлэх ёстой. Малчдад энэ л хэрэгтэй байгаа. Бид бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил гэж яриад байгаа. Гэтэл малчид малаа дагаад яваад байхыг хүсч байна уу, үгүй юү. Бид өмнөөс нь нүүдлийн мал аж ахуй гэж яриад байгаа болохоос яг үнэхээр тэр хүмүүс жилийн дөрвөн улиралд халуунд нь халж, хүйтэнд нь даарч малаа дагаад яваад байх сонирхол байгаа юм уу, үүнийг хүсэж байгаа юу гэдгийг бодох л хэрэгтэй. Малчид ч гэсэн ялаагүй хүн шүү дээ. Адилхан сайхан орон байранд, тав тухтай орчинд амьдрахыг хүсэж байгаа. Амьдрахын тулд малаа өдөр шөнөгүй дагаад яваад байгаа болохоос энэ нь тэр хүмүүст кафе өгөөд, аз жаргалтай байгаа юм биш шүү дээ.
Малчдын хувьд нүүдлийн мал ахуй адилхан л хоцрогдчихоод байна. Тиймээс энэ хүмүүст ядаж л шуурганы хоёр, гурван өдөр малаа сайхан хашчихаад гэртээ дулаахан байх нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Малчид хүнд нөхцөл байдлыг давах байр, байшинтай болох, хашаа хороогоо сайжруулахыг хүсч байгаа. Мөн мал аж ахуйгаа бизнес болох, эдийн засгийн эргэлтэд орох зайлшгүй шаардлагатай байна. Ашиг шимээ өгдөг мал аж ахуйг бий болгох хэрэгтэй байна. Хэрвээ мал нь эдийн засгийн эргэлтэд ороод эхэлвэл малчид өөрсдөө машаа хороо, байшингаа барьчихна. Тиймээс төр өвс барьж гүйх биш малчдыг мөнгөжүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Малчдын зээлийг тэглэх асуудлыг ярьж байна. Ингэж зээл тэглэх нь зөв үү?
-Малчдын зээлийг тэглэхээсээ илүү малчид малаасаа ашиг шим бий болгодог нөхцөлийг л бий болгох хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн нэг салбарыг ийм их хэмжээгээр дэмжих нь зөв гэж бодохгүй байна.
-Нэг сая мал хорогдоход 2000 айл амьжиргаагүй болно гээд байгаа. Тэгэхээр малчид малгүй болбол малжуулах хөтөлбөр ч юм уу, арга хэмжээ авах шаардлага үүсэх байх?
-Жил бүхэн зудын дараа бид малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүнийг үгүйсгэж болохгүй. Тодорхой хэмжээнд хэрэгжүүлж болно. Энэ бол миний дээр хэлсэн малчдаа дэмжих л асуудал.
-Ярилцсанд баярлалаа.