Бүсчилсэн хөгжил бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн шинэ гарц юм
Монгол Улсын Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд “Бүсчилсэн хөгжлийн форум-2024”-ийг ирэх хоёр дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус форумын өмнө бүсийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөц боломж, давуу талаа тодорхойлон хөгжлийн бүс тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.
Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Баруун бүсийн хэлэлцүүлгээр эхэлсэн бол өнөөдөр хойд бүс болох Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
2001 оны 06 сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж олон чухал зорилтуудыг тодорхойлсон.
Тухайлбал, өөрийн орны онцлогт тохирсон эдийн засгийг бий болгож, өвөрмөц зан заншил, ахуй соёлоо хадгалахын сацуу ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, байгалийн баялгаа зүй зохистой ашиглах, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөцөө эргэлтэд оруулж тогтвортой орлого бий болгох, хүн ам, үйлдвэрлэлийн хэт бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгах зэрэг ирээдүйд чиглэсэн зорилтуудыг дурдаж болно.
Түүнчлэн, “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын нэг үндсэн зорилго нь “Бүс, орон нутгийн хөгжил”-ийн асуудал төдийгүй үндэсний соёлоо дээдэлсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, өрсөлдөх чадвартай, харьцангуй тэнцвэртэйгээр бүс, орон нутгийг хөгжүүлэх асуудал юм.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Эдгээр суурь бодлогын баримт бичгүүдийн хүрээнд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг цогцоор нь шинэчлэн боловсруулах, эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгэм, газар зүйн байршлынх нь хувьд хэрхэн бүсчлэн хуваах, нэгнийхээ дутуу орон зайг хэрхэн яаж нөхөх вэ гэдгийг шийдвэрлэх зэрэг олон зорилго, зорилтын хүрээнд бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Монгол Улсын хүн амын 9.1 хувь нь буюу 305,917 хүн энэ бүсэд амьдарч байна. Мөн Хойд бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий хэмжээ нь 4.8 их наяд төгрөг байгаа бөгөөд Орхон аймаг 69.1 хувь буюу 3.3 их наяд, Хөвсгөл аймаг 19.6 хувь буюу 951.5 тэрбум төгрөг, Булган аймаг 11.3 хувь буюу 549.8 тэрбум төгрөг байна. Орхон аймгийн ДНБ-ийн 89 хувь нь үйлдвэрлэлийн салбар эзэлж байгаа бол Хөвсгөл, Булган аймгийн ДНБ-ийн 57-65 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг онцлогтой.
Монгол Улсын бодит ДНБ 2022 онд 33.8 их наяд төгрөг байсан бөгөөд Хойд бүсийн бодит ДНБ нь 4.8 их наяд төгрөг байгаа нь Монгол Улсын бодит ДНБ-ий 14.3 хувийг эзэлж байгаа төдийгүй энэ нь Улаанбаатараас бусад бүсүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. 2022 оны байдлаар бүсийн хувьд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Орхон аймаг тэргүүлж байгаа нь уул уурхай, хүнд үйлдвэрлэл хөгжсөнтэй холбоотой төдийгүй цаашид хүнд аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй юм. Хөвсгөл, Булган аймгийн хувьд хөрөнгө оруулалтын үндсэн чиглэл нь хөдөө аж ахуйд суурилсан хөнгөн аж үйлдвэрийн цогцолбор, аялал жуулчлал, боомт, худалдааны сүлжээг илүү хөгжүүлэхэд хөгжлийн бодлогыг чиглүүлэх боломжтой юм.
Хойд бүсийн судалгаанаас харахад хөрөнгө оруулалт, нөөцийн хувьд гол үзүүлэлтүүд нь экосистемийн тэнцвэрт байдал, байгалийн унаган төрхөө хадгалсан үзмэр бүхий аялал жуулчлал, хөдөө аж ахуйд тулгуурласан хөнгөн аж үйлдвэр, уул уурхайд тулгуурласан хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхийн сацуу боомтын хөгжил нь Хойд бүсийн тэргүүлэх чиглэл болох боломжтой төдийгүй эдгээр тэргүүлэх чиглэлийг хөгжүүлснээр хөрөнгө оруулалтыг татах, нөөцийг оновчтой хуваарилах, хүн амын тогтвортой орлогыг нэмэгдүүлэх, түүнчлэн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах бүрэн боломж байна. Бүсийн хөгжлийн бодлогыг боловсруулахад сум, орон нутгийн удирдлага, иргэд, аж ахуй эрхлэгчдийн оролцоог түлхүү хангах нь чухал. Бүсчилсэн хөгжил бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн шинэ гарц юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn