Иран Улстай хэлэлцээр байгуулж экспорт, импортоо нэмнэ
2024.01.23

Иран Улстай хэлэлцээр байгуулж экспорт, импортоо нэмнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Иран Улсын Элчин сайд Мохсен Бахтиартай уулзаж, хоёр улсын Засгийн газар хооронд агаарын болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.

Ингэснээр хоёр улсын аль аль нь экспортоо нэмж, иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг сайжруулах ач холбогдолтойг ЗТХЯ-наас мэдээлэв.

Түүнчлэн, ЗТХ-ийн сайд энэ сарын 15-21-нд БНХАУ-ын Хэбэй, Шандун муж, Шанхай хотод албан томилолтоор ажиллахдаа тус мужуудын зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Мөн агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх хүрээнд агаарын хөлгийн тоог нэмэх, иргэний нисэхийн чиглэлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар мужийн удирдлагуудтай санал солилцсон аж.