Б.ДЭЛГЭРСАЙХАН: Нэгдүгээр эгнээгээр дарга, цэрэг ялгаагүй зорчихгүй байх зохицуулалт хийнэ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо нийтийн тээвэртэй хамтран чиглэлийн төлөвлөлт хийгээд буй. Уг төлөвлөгөөг энэ сарын 20-ноос туршиж эхлэх юм. Энэ талаар Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль тогтоомж энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль батлагдсанаар өмнө нь шийдвэрлэж чадаагүй ямар асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж харж байна вэ?
-Миний хувьд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдоод гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Угтаа Үндэсний хороо нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог зохицуулах гол үүргийг гүйцэтгэдэг. Утаа, түгжрэл гээд нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь Үндэсний хорооны гол зорилго.
Юун түрүүнд Нийслэлтэй хамтран автобус худалдан авах тухай асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэхээр зорьсон. Нэгдүгээр сарын 30-нд гэхэд нийт 600 автобусаа хүлээж авна. Нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудал ийнхүү шийдвэрлэгдсэн гэхэд болно. Нийслэлд тулгамдаад буй дараагийн чухал асуудал нь түгжрэл. Түгжрэлийг бууруулах талаар Улаанбаатар хотын Засаг даргатай хамтран төлөвлөгөө боловсруулж, Үндэсний хороогоор хуралдуулсан. Түгжрэл үүсгэх гол шалтгаан нь автобусны маршрутаа давхцуулах явдал. Тэгэхээр автобусны маршрутаа өөрчилж, төлөвлөлтөө шинээр хийх шаардлагатай. Тухайлбал, төв урсгал буюу Энхтайваны өргөн чөлөөг нэг урсгалаар явуулж, нэг зогсоол дээр нэг чиглэл автобус явах байдлаар зохион байгуулалт хийх жишээний. Офицеруудын ордноос Таван шар хүртэл нэг урсгалаар, гурван минутын зайтай урсгана гэсэн үг. Ялангуяа ид ачааллын үеэр хоёр буюу хосоор нь явуулахаар төлөвлөсөн. Ингэснээр иргэд удаан хугацаанд автобус хүлээх шаардлагагүй болно.
Хэдэн ч автобус дамжин суусан өдөрт 1000 төгрөгөөр зорчих боломжтой. Эл зохицуулалтыг нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлнэ. Мөн автобус зорчих эгнээгээр өөр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх тухай асуудалд Замын цагдаа болон Авто замын газартай хамтран ажиллана. Судлаачид автобусыг аль болох богино хугацаанд ар араас нь явуулах нь зөв юм гэж үзсэн. Нийтийн тээврийн хүртээмж болон бусад асуудлыг шийдвэрлэснээр иргэд заавал хувийн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болно. Ингэснээр замын түгжрэл тодорхой хэмжээнд буурах боломжтой.
-Уг зохицуулалт алдаа мадаггүй хэрэгжихийн тулд автобусны зорчих хэсгийг чөлөөлөх тухай асуудал яригдана. Энэ талаар?
-Хоёр хоёр урсгалтай зам дээр автобусны зорчих хэсгийг чөлөөлнө гэхээр автобуснаас болж түгжрэл үүсэх нь тодорхой. Мэдээж хэрэг иргэд ч бухимдаж хүлээж авна. Тэгэхээр нийтийн эрх ашиг чухал уу эсвэл нэг хэсэг хүний эрх ашиг чухал уу гэх асуудлыг гол болгож байгаа. Нэгдүгээр эгнээгээр дарга, цэрэг ялгаагүй зорчихгүй байх зохицуулалт хийнэ. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгсэл хурдан түргэн зорчих, иргэд автобус хүлээхгүй байх боломж бүрдэх юм.
-Олон судалгаанд дурдсанаар нийслэлийн авто замын зогсоолын хүртээмжгүй байдал түгжрэлд тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг онцолсон нь бий. Тэгэхээр зогсоолын ашиглалтыг сайжруулах тал дээр ямар зохицуулалт хийх вэ?
-Мэдээж хэрэг замын түгжрэл үүсгэж буй гол шалтгаануудын нэг нь зогсоолын хүртээмжгүй байдал. Иргэд зогсоол олох гэж бараг л азын сугалаа шиг юм болдог гэж ярилцлага өгсөн байна лээ. Энэ бол үнэн. Төрийн албан хаагчдын 55 хувь буюу 63 мянга нь хувийн автомашинаар ажилдаа ирж, очдог. Ирээд байгууллагынхаа үүдэнд буюу нийтэд үйлчлэх ёстой зогсоол дээр бүгд машинаа тавьдаг. Үүнтэй холбоотойгоор бүх зогсоолыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдвэрлэсэн. Нэг хүн зогсоол дээр бүтэн өдөржин машинаа тавих тохиолдол түгээмэл. Энэ 63 мянган хүний эрх ашиг чухал уу эсвэл нийслэлчүүдийн нийтийн эрх ашиг чухал уу гэдгийг бодолцох ёстой. Тийм ч учраас бүх авто зогсоолыг өндөр төлбөртэй болгох бодлого, зөвлөмжийг Нийслэлд хүргүүлсэн.
Зогсоолын төлбөрийг бүсчлэн тогтоохоор болсон. Тухайлбал, хотын А бүсэд байгаа зогсоолыг цагийн 5 мянган төгрөг, Б бүс дэх зогсоолыг 4 мянган төгрөг байхаар зохицуулалт хийнэ. Энэ бол судлаачид, мэргэжилтнүүдийн гаргасан судалгаанд үндэслэсэн үнэлгээ. Хүмүүст энэ нь үнэтэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ түгжрэлд таван мянган төгрөгөөс илүү их зардал гаргаж байгаа. Жишээлбэл 2-3 цаг түгжрэх, тэг зогсолт хийхэд машин дотроо дулаан байхын тулд багагүй бензин зарцуулж байгаа. Дээрээс нь цаг хугацаагаа гарздаж, стресст өртөх нь элбэг. Үүний хажууд зогсоолын үнэлгээ бага гэж ойлгож болно. Бусад улс орнуудад зогсоолын асуудлыг эдийн засгийн зарчмаар л шийдвэрлэдэг. Манай улсын тухайд түгжрэлийг бууруулах хоёр дахь том гарц, шийдэл бол энэ.
Зогсоолыг олон нийтийн хяналтад шилжүүлнэ. Бүх зогсоолыг ТББ, нөхөрлөл зэрэг залуучуудад өгөхөөр төлөвлөөд байгаа. Эсвэл гэртээ сууж байгаа ажил хийх хүсэлтэй настай хүмүүс ч байж болно. Тэгэхээр нийт зогсоолын зардлын 50-60 хувь нь эдгээр хүмүүсийн цалинд зарцуулагдана. Ингэснээр илүү хяналттай болох юм. Үлдсэн мөнгийг Авто замын санд төвлөрүүлнэ. Төвлөрсөн мөнгийг авто зогсоол тохижуулах, камержуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол хийх зэрэгт зарцуулна. Мөн авто замаа сайжруулахад голлон анхаарна.
-Хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ?
-Зөвлөмж, журмаа гаргаад Нийслэлд хүргүүлсэн байгаа. Ойрын хугацаанд шийдвэрлэх болов уу. Хэзээ гэдэг нь яг тодорхой болмогц мэдээлнэ.