2024.01.08

О.Цогтгэрэл: Чуулган завсарлахаас өмнө ковидын төсвөөр нийтийн сонсгол хийхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана

Хуваарийн дагуу өнөөдөр /2024.01.08/ УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хуралдаанаар ковидын төсөв болон "ногоон автобус"-ны хэргээр сонсгол хийхийг эрх баригчдаас шаардах шийдэлд хүрчээ. Уг хуралд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр оролцсон байна.

Бүлгээр хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ковид-19" цар тахлын үеийн төсвөөр сонсгол явуулахыг эрх баригчдаас шаардаж байна. Уг сонсголыг шинжээч томилоогүй гэх шалтгаанаар одоог хүртэл зохион байгуулахгүй байна. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган завсарлана. Чуулган завсарлахаас өмнө тус асуудлыг шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана" хэмээв. Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналаа УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн хэдий ч 50 хонож байна. Энэхүү асуудлыг шийдэхгүй байгаа нь сүүлийн 8 жилд юу болж өнгөрснийг иргэдэд мэдүүлэхгүй байхад эрх баригчид анхаарч байгаа хэрэг" гэсэн юм.