2024.01.04
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2024,01,04/-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ТББХ-ны мэдээллийг танилцууллаа.
СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч нартай хийсэн нэр дэвшигчийн сонсголыг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “4.1.Хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны долоо нь орон тооны бус байна”, “4.2. Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно.”, “4.5 Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай УИХ-ын шийдвэр гарснаар эхэлж дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн нэр дэвшигчийн сонсголын үе шатыг баримтлан явуулсныг дурдав.
Мөн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан нэр дэвших тухай хүсэлтийн загварын дагуу материалаа бүрдүүлж, Байнгын хороонд ирүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай тогтоолыг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn