2023.12.28
Монгол эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад бодлогоор дэмжинэ
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, монгол эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо.
Тус байгууллагаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4600 орчим эрдэм шинжилгээний бүтээлийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж гаргажээ.
Сүүлийн 10 жилд монгол эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өсч, Азидаа эхний 20 улсын эгнээнд орсон байна. Харин эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил удаашралтай, дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар нь аливаа улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг байх ёстой. Тиймээс:
- Эрдэм шинжилгээний ажлуудын үр дүнг практикт нэвтрүүлж, өрсөлдөх чадвартай, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд хувийн хэвшлийг уриалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах,
- Технологи, инновацын салбарын гарааны бизнесийг дэмжих,
- Улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдэд оюуны өмчийн үнэлгээ хийлгэх зэргээр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо бодлогын түвшинд дэмжиж, хамтран ажиллах болно.