"FALLING WALLS LAB MONGOLIA 2023" үндэсний ялагч тодорлоо
"Falling Walls Lab Mongolia 2023" олон улсын эрдэм шинжилгээний хурал бол шинийг эрэлхийлэгч судлаач, эрдэмтдэд шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг шийдлүүдээ дотооддоо болон олон улсад танилцуулах боломж юм.
Үндэсний хэмжээний арга хэмжээ энэ 7 хоногт амжилттай боллоо. Falling Walls Lab-ийн үндэсний ялагч нь жил бүрийн 11 сард Берлин хотноо болдог Falling Walls Science Summit-д оролцдог. Цахим-танхим хосолсон хуралд эхний шатны шалгаруулалтаас финалд үлдсэн 10 залуу эрдэмтнээс гадна БНСУ, ХБНГУ, Финланд, Энэтхэгээс судлаачид оролцов.
Энэ жилийн форумд инженер, технологи, хими, хүрээлэн буй орчин, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарынхан өргөнөөр хамрагдсан. Тэд эрчим хүч хуримтлалд зориулж батарейг дахин ашиглах, байгальд ээлтэй хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сансрын технологи төдийгүй жендерийн асуудлыг хүртэл хөндсөн юм.
Ингээд шалгаруулалтын үр дүнгээр ХААИС-ийн докторант, мөөг судлаач А.Цолмон “Органик үлдэгдлийг хүнсний мөөг болгох био хувиргалт” илтгэлээрээ үндэсний ялагч болж 11 сарын 7-нд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab International-д Монгол Улсаа төлөөлөн оролцох боллоо.