Н.Баярчимэг: Төр, иргэн хоёрын мэдээлэл ойр байх тусам ойлголцол, итгэлцэл бий болдог
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэгтэй ярилцлаа.
Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангахын тулд асуудлыг нэн шаардлагатайгаас нь шийдвэрлэнэ
-Таны НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон үеэс ярилцлагаа эхэлье. Сонгогч иргэдтэйгээ хамгийн ойр байдаг энэ ажлыг аваад хамгийн эхэнд зорьсон зүйл нь юу байв?
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бол нийслэлийн түвшинд иргэдийг төлөөлөх, тэдгээрт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Би 2020 онд Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 20, 23, 27, 29, 37, 38, 39 дүгээр хорооны иргэдийн саналаар тэдний төлөөлөл болж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь амьдарч буй нийслэл хотод тулгамдаж байгаа бүх асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжгүй юм. Иймд нийслэлийн хамгийн олон хүн амтай, том дүүргүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүрэг болон нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудын үр дагавар бус шалтгааныг тодорхойлох замаар эрэмбэлэх, тэдгээрийг алсын хараатайгаар шийдвэрлэх оновчтой шийдлүүдийг богино хугацаанд гаргаж, хэрэгжилтийг шуурхай хангах зорилготойгоор төлөөлөгчийн ажлаа эхлүүлж байв. Ингээд тойргийнхоо иргэдийн дуу хоолой болж, өнгөрсөн хугацаанд олж авсан туршлага, мэргэжил боловсролдоо суурилан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхийн төлөө ажилласнаас хойш гурван жил өнгөрчээ. Одоо бодоход чамлахааргүй олон ажлуудын ард гарсан байна. Бас амаргүй он жилүүд байлаа. Тухайлбал, 2020 оны аравдугаар сард Орон нутгийн сонгуулийн дараа ажлаа аваад хоёр долоо ч хоноогүй байхад коронавируст цар тахал гарсан. Ингэснээр хоёр жилийн хугацаанд бараг бүх зүйл хаалттай, хязгаарлагдмал байв. Гэсэн ч болохоос нь болохгүй хүртэл зүтгэсээр цөөнгүй ажлуудыг санаачлан эхлүүлж, эхнээс нь үр дүн гараад явж байна.
Ер нь төр, иргэн хоёрын мэдээлэл ойр байх тусам ойлголцол, итгэлцэл бий болдог гэж би боддог. Тийм учраас иргэдийнхээ санал, бодлыг маш сайн сонсдог байх хэрэгтэй. Мөн нөгөө талаас төрөөс явуулж байгаа аливаа бодлого, үйл ажиллагаа, хөтөлбөрөө иргэддээ маш сайн танилцуулж, тайлагнадаг байх нь чухал юм. Цаашлаад төрийн аливаа шийдвэр түр зуурын амиа аргацааж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх, цөөнхийн эрх ашгийн төлөө бус харин иргэд, олон нийтийн санал, нийтлэг эрх ашгийн төлөө, үндэслэл бүхий тооцоо, судалгаатай, алс ирээдүйгээ харсан төлөвлөгөөнд суурилсан байж сая хөрсөн дээрээ буусан, бодит биеллээ олох боломжтой болно гэж боддог. Товчхондоо иргэдийн нийтлэг эрх ашиг, санал бодол дээр тулгуурласан шийдвэрийг гаргах нь бидний баримтлах хамгийн чухал зарчим гэж үзэж, анхааран ажиллаж ирлээ.
-Иргэдийг нийслэлд төлөөлж байгаагийн хувьд иргэдтэй эргэх холбоотой ажиллах зайлшгүй шаардлага үүснэ. Өнгөрсөн хугацаанд та тойргийнхоо иргэдтэй хэр зэрэг эргэх холбоотой ажиллав?
-Манай тойрог есөн хороотой. Ковид гарсан хоёр жилийн хугацаанд иргэдтэй биечлэн уулзах боломж хомс байсан тул цахимаар холбогдон байнгын харилцаа холбоотой ажилласан. Мөн хорооны Засаг дарга нартай тогтсон хугацаанд цахим уулзалт хийж, тус бүрийнх нь тулгамдаж байгаа асуудлын талаар асууж тодруулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс иргэдтэйгээ биечлэн уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсоод явж байна. Үүнээс гадна тойргийн иргэдтэйгээ харилцах, мэдээлэл солилцох зорилгоор фэйсбүүк групп нээсэн тул түүгээрээ дамжуулан иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, мөн УИХ-аас баталсан хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргаас гаргасан шийдвэр гэх зэрэг төрөөс гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийг танилцуулж эргэх холбоотой ажилладаг.
Нийслэлийн хувьд өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд олон байна. Гэтэл эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэхэд төсөв, санхүүгийн хүрэлцээгүй байдал нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь бид хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр шийдвэрлэх тухай асуудал юм. Тиймээс миний хувьд, төлөөлөгчийн хувиар юуны түрүүнд тулгамдаж байгаа асуудлуудыг олон нийтийн санал, нийтлэг эрх ашиг, хүртээмжтэй байдлыг үндэслэн эрэмбэлж, нэн шаардлагатайгаас нь эхлэн шийдвэрлээд явж байна. Жишээлбэл, насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах жишиг өрөөг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дэргэд өнгөрсөн жил байгуулсан. Энэ төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь гэмт хэргийн гаралт бусад дүүрэгтэй харьцуулахад Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт их байдаг. Үүний дотор хүүхдүүд гэмт хэргийн гэрч, хохирогч болох тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд бие махбодын болоод сэтгэл зүйн гэмтэл их авч байна. Жишээ нь, 2021 оны эцсийн байдлаар, 188 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тоо байдаг. Ялангуяа гэмт хэргийн гэрч, хохирогч болохын хувьд хүүхдүүд цагдаагийн байгууллагад очиж, цагдаагийн ажилтанд мэдүүлэг өгөх нь хүүхдэд айдас төрүүлэх, сэтгэлзүйг гэмтээх эрсдэл өндөр байдаг гэсэн судалгаа бий.
Тиймээс хүүхдээс мэдүүлэг авах жишиг өрөөг олон улсын сайн туршлагад үндэслэн цагдаагийн байгууллагын дэргэд байх нь оновчтой бус гэж үзэж, хүүхдийн байгууллагынх нь дэргэд байгуулсан. Энэ ажлыг хийхдээ холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрлийг нь авч, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэмжлэг, Олон улсын Ротарийн “Номт” клубийн оролцоотойгоор тохижуулсан. Тус өрөөний тухайд, хүүхдэд ээлтэй, зөөлөн дулаан уур амьсгалтай орчин бүрдүүлэх үүднээс дуу намсгагчтай, тоглоом, номын сангийн булантай сэтгэлзүйчтэй ярилцах өрөө, мөн хүүхдийн сэтгэлзүйг нэмж гэмтээхгүй байх үүднээс цагдаагийн алба хаагч хүүхдэд харагдахгүйгээр яриа, бичлэг хийж авах боломжтой шилэн тусгаарлагч бүхий хэсэгтэй байхаар зохион байгуулсан. Энэ өрөө маань жишиг өрөө болж, аймаг, орон нутгийн цагдаагийн байгууллага, иргэдийн төлөөллүүд ирж танилцдаг болсон. Хамгийн гол нь хүүүхдэд ээлтэй энэ өрөө зорилгоо биелүүлж байгаад баяртай байдаг. Мөн үүнээс гадна хороодод хийсэн бүтээн байгуулалтын ажил нэлээд бий. Миний хувьд төлөөлөгчийн аливаа ажлыг иргэдийн олонхын саналд үндэслэн, хүртээмжтэй байдлыг нь харгалзан үзэж шийдвэрлэдэг. Өнгөрсөн хугацаанд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчныг нь бий болгох зэрэгт онцгой анхаарч, ажиллалаа.
-Ковидын үед боловсрол, эрүүл мэндийн салбар шинэ сорилтыг даван туулах шаардлагатай болсон. Иргэдийн дуу хоолойг нийслэлийн шатанд хүргэх төлөөлөгчийн хувьд таны ачаалал ч тэр хэрээр нэмэгдсэн байх?
-Миний бие Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоны зэрэгцээ Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор тухайн цаг үед томилогдсон. Ийм албанд очсоны дараа удаагүй цар тахал дэгдэхэд “Ковидын нөхцөл байдлыг хохирол багатайгаар хэрхэн даван туулах вэ” гэдэг асуудал хамгийн түрүүнд тулгарсан. Үүний зэрэгцээ хүний хөгжил, нийгмийн салбарыг хариуцаж байсан учраас асуудлын гүн рүү нь орж ажилласан. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч, үүн дотор хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн хэрэгжилт, Засгийн газрын байгууллага, нийслэлийн байгууллага хоорондын болон салбар хоорондын бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, статистик тоон мэдээлэл болон бусад мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах замаар бодит, үнэн зөв тооцоо, судалгаан дээр суурилсан салбарын төлөвлөлтийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх, нийгмийн салбарт төр, хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааны үндсэн дээр салбарыг хөгжүүлэх зэрэг чухал ажлуудыг эхлүүлэхэд онцгойлон анхаарал хандуулсан.
Улсаа хөгжүүлье гэвэл хүнийхээ хөгжилд анхаарал хандуулах шаардлагатай. Үүнд “Сүү” хөтөлбөр түлхэц болно
-Таны санаачлан хэрэгжүүлэхээр эхлүүлээд байгаа “Сүү” хөтөлбөрийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Ирээдүйн иргэдийн хөгжил, эрүүл мэндэд чиглэсэн энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхэд хүмүүс хэр дэмжиж байсан бэ?
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд хоёр ажлыг энд онцолъё. Түүний нэг нь “Сүү” хөтөлбөр юм. УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэхэд хүүхдийн үдийн хоолны асуудлыг нэлээд хөндөж ярьсан. Үүнд үндэслэж миний бие Иргэдийн хурлын даргад хандан, санаачилга гаргаж хүүхдийн үдийн цай, шим тэжээл, сургуулийн хоол үйлдвэрлэх орчин нөхцөлд анхаарал хандуулах асуудлаар ажлын хэсэг байгуулах, хамтран ажиллах талаар БШУЯ, ХХААХҮЯ-ны төлөөллүүдтэй уулзан саналаа хэлэхэд дэмжсэн. Улмаар уг ажлын хэсгийг өөрөө ахлан хүүхдийн хоолны шим тэжээллэг чанарыг сайжруулах, олон талын хамтын ажиллагааг дэмжих үүднээс нэг удаа асуудлыг яриад өнгөрөх бус оновчтой шийдлүүдийг гаргахаар зорьсон. Бид богино хугацаанд нэлээд шаргуу ажилласны үр дүнд хүүхдийн хоолны хангамж, шим тэжээллэг байдлыг сайжруулахын тулд асуудлыг есөн чиглэлээр багцалж, шийдэл хайхдаа урт болон богино хугацаанд хийх ажлын жагсаалт гаргасан. Улмаар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд үдийн хоолноос гадна сүү өгье, “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэдэг саналыг гаргасан.
-Энэ ажлыг эхлүүлэхдээ ямар судалгаанд үндэслэсэн бэ?
- Олон судалгаа бий. Үүний нэг болох ЖАЙКА-гаас сүүлийн үед хийсэн нэг судалгааг эш татъя. Монгол хүүхдүүдийн өдөрт авах ёстой сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ нь 3-4 дахин бага. Тиймээс өдөрт багадаа 150 грамм сүү өгөх ёстой гэсэн судалгааг гаргасан юм билээ. Түүнээс гадна хүүхдийн кальци өдөрт авах хэмжээнээсээ 2.5 дахин бага байснаас гадна судалгаанд оролцсон хүүхдүүдийн 80 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гэж гарсан байдаг. Нөгөөтэйгүүр сүү бол орлуулшгүй хүнс. Тиймээс “Сүү” хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдсан. Мөн олон улсын туршлага судлахад, дэлхийн олон улс оронд, үүний дотор Англи, Герман, ОХУ, БНХАУ, БНСУ, Тайланд зэрэг улс орон ирээдүй болсон хүүхдүүдийнхээ өсөлт хөгжилтөд онцгой анхаарч, тусгайлан “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнөөдөр үр дүнгээ бодитоор харж байгаа явдал юм. Ер нь хүний аз жаргал, амжилтын үндэс нь хүүхэд байхдаа шаардлагатай шим тэжээлээ авах гэдэг юм билээ. Тэгэхээр бид улсаа хөгжүүлье гэвэл хүнийхээ хөгжилд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг энд цохон хэлмээр байна.
-Сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт их байна. Гэтэл эрэлтийг хангах нийлүүлэлт ямар байгаа бол. Энэ тал дээр яалт ч үгүй дотоодын компаниудаа түшиглэх шаардлага үүснэ. Тиймээс тэдэнтэй уулзах шаардлага үүссэн байх?
-Үндэсний үйлдвэрлэгч найман компанийн төлөөлөлтэй энэ асуудлаар уулзалт хийхэд талархалтайгаар хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн. Тэдний хамгийн гол сонирхож байгаа зүйл нь “Сүү” хөтөлбөрийг цаашид тогтвортой хэрэгжүүлэх үү гэдэгт л байсан. Хэрвээ хөтөлбөрөө тогтвортой хэрэгжүүлбэл, дотоодын үйлдвэрүүдийн зүгээс “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай буюу 150-200 граммын савлагаатай сүүг үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг өөрсдөө шийдвэрлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үүний үндсэн дээр “Сүү” хөтөлбөрийг 2024 ондоо жишиг байдлаар эхлүүлэх, цаашид үе шаттайгаар нийслэлийн бүх сургуулийн хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулах боломжийг нээх төлөвлөгөөний талаар ярилцсан. Урьдчилсан байдлаар, эхний ээлжид нийслэлийн хэмжээнд 23 мянган хүүхдүүдэд “Сүү” хөтөлбөрийг хүргэх, ингэхдээ долоо хоногийн гурван өдөрт, нэг өдрийн хэмжээ 150-200 грамм байхаар тооцоолж байна. Мөн энэ хөтөлбөрийг хамтын оролцоо, санхүүжилтээр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нэг өдрийг нийслэл, нэг өдрийг дүүрэг, үлдсэн нэг өдрийг эцэг, эх, асран хамгаалагч хариуцах нь зүйтэй байна.
-Багахан тоо бодъё. Тэгэхээр хэчнээн хүүхдэд, ямар үнэ өртгөөр сүү өгнө гэсэн үг вэ?
-Сүүний таван үйлдвэрлэгчээс ирсэн саналд үндэслэн 23 мянган хүүхдийн үдийн цайнд сүү өгөхөөр тооцоход, гурван тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай байна. Үүнд нэг хүүхдэд ногдох сүүний үнийг 1350 төгрөгөөр тооцсон. 23 мянган хүүхдийн нэг өдрийн сүүний хэрэглээ 4600 литр байна. Түрүүнд хэлсэнчлэн үүнийг хамтын санхүүжилтээр шийдвэрлэх үүднээс шаардлагатай гурван тэрбум төгрөгийн нэг тэрбумыг нийслэл хариуцахаар болж, 2024 оны төсөвтөө тусган баталсан. Харин нэг тэрбум төгрөгийг дүүргүүдээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Мөн эцэг, эх, асран хамгаалагч нэг өдрийг хариуцах тухайд, нэг сард 5570 төгрөг, нийт найман сарын хугацаанд 44560 төгрөг төлөхөөр байгаа юм. Энэ бол эхлэлийн урьдчилсан тооцоо. Цаашид “Сүү” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
-Хүүхдийн үдийн цайны хүрээнд шийдвэрлэх асуудал цөөнгүй бий. Тэдгээрийн нэг нь сургуулийн гал тогоо. Одоо хэр нь стандартад нийцсэн гал тогоогүй сургууль нийслэлд олон байна?
-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2021 оны есдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуульд “Ерөнхий боловсролын сургуулиуд хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээ сургуульдаа, зориулалтын гал тогоонд бие дааж хэрэгжүүлнэ, түрээслэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл одоо хэр нь нийслэлийн 65 сургууль түрээсээр үдийн хоолны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дээрх хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгаа гол шалтгаан нь зориулалтын гал тогоо, тоног төхөөрөмжтэй байх болон хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт байхгүй, улс, орон нутгийн төсөвт тусгадаггүйтэй шууд холбоотой. Үүнийг манай ажлын хэсгийнхэн судалж, хүний нөөц, тоног төхөөрөмж, стандартад нийцсэн, зориулалтын гал тогоо болгон тохижуулахад 21 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг саналын хамт гаргасан. Чиг үүргийн хувьд хүний нөөцийн 11 тэрбум төгрөг, 7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн санхүүжилтийг БШУЯ хариуцах юм. Барилгын засварын 3.5 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн зарим хэсгийг нийслэл шийдвэрлэх нь зүйтэй гэсэн ажлын хэсгийн саналыг Нийслэлийн засаг дарга болон удирдлагууд дэмжиж, нийслэлийн 2024 оны төсөвт бүрэн тусгуулсан. Бид ирэх есдүгээр сарын 1-нийг гэхэд дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Энэ ташрамд ажлын хэсгийн гишүүддээ, энэ ажлыг эхнээс нь хамтарч зүтгэж яваа Нийслэлийн ИТХ-ын Б.Мягмар төлөөлөгч болон төслийг дэмжсэн Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нартаа талархал илэрхийлье.
-Та Нийслэлийн Засаг даргын орлогчийн ажлаа өгсний дараа бүр амаргүй ажил хүлээн авсан. Мэдээж хэрэг таныг хийж чадна гэж бодсон учраас хотын хөгжлийг хөдөлгөх ажлыг танд хариуцуулсан нь лавтай. Манай уншигчдад мэргэжил, туршлагаасаа товч хуваалцаач?
-Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн хуульч, хууль зүйн ухааны магистр, мөн АНУ-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Миний өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлагын хувьд, банк, санхүү, хөрөнгийн зах зээл болон уул уурхайн салбарт хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр мэргэшин ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2021 оны гуравдугаар сараас “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нь нийслэлийн тогтвортой, хөгжлийг хангах үүднээс хотын эдийн засгийг тэлэх, солонгоруулах, хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалт, эх үүсвэрийг төсөвт дарамт, ачаалал үүсгэхгүй төрөл, хэлбэрээр татах, үүнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй хуулийн этгээд юм. Ер нь хотын тогтвортой хөгжил ярихын тулд хот санхүүгийн хувьд тогтвортой болох шаардлагатай. Бид энэ чиг рүү анхаарч ажиллаж байна.
Байгалийн баялагт суурилсан санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгож, хөгжлийн төслүүдээ хөдөлгөх боломж бүрэн бий
-Улсын төсөвт дарамт болохгүйгээр хувийн хэвшлийг дэмжиж, гаднын хөрөнгө оруулалтыг татах шийдлүүдийг эрэлхийлэх нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн зорилго гэж ойлголоо?
-Тийм. Энэ зорилгын хүрээнд бид гарц, шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна. Манай улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, бидэнд байгаа боломж, нөөц нь байгалийн баялаг. Тэгэхээр үүнд суурилсан шинэ санхүүгийн эх үүсвэр бий болгож, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн төслүүдээ хэрэгжүүлэх боломжтой. Иймд Монгол Улсын Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын санхүү, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөж, боломжид түшиглэн бие дааж, тогтвортой хөгжих боломжийг нээх үүднээс ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК болон орон нутгийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д тус тус эзэмшүүлэхийг зөвшөөрсөн. Үүнийг бид урт хугацааны шийдэл гэж харж байгаа юм.
Харин хөрөнгө оруулалт, эх үүсвэр татах гарцын тухайд, дунд хугацаандаа Нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, нийслэл болон нийслэлийн өмчит компани бонд гаргах, компанийн хувьцааны тодорхой хэсгийг олон нийтэд санал болгох (IPO гаргах) бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.
Мөн хот өөр дээрээ байгаа үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцээ түшиглэн санхүүгээ сайжруулахад ч анхаарч байна. Үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, менежментийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сайжруулах замаар хөрөнгийн үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад дахин эх үүсвэр татах боломжтой. Энэ ажлыг мөн эхлүүлээд явж байна.
-Хотын бонд гаргах, үл хөдлөх хөрөнгийн менежментийг сайжруулах зэрэг шийдлүүдийг ойлгож байна. Харин хот нь уул уурхайн төсөл хэрэгжүүлнэ, IPO хийнэ гэдэг хэр оновчтой шийдэл вэ?
-“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар нь уул уурхай болохыг тодорхойлсны дагуу цаашид Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх, дэд бүтцийг барьж байгуулахад түшиц эх үүсвэр нь байгалийн баялгийн ашиглалт гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод байнга, түр оршин сууж, зорчдогийн хувьд Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийн өгөөжийг хотод хийх бүтээн байгуулалтаар дамжуулан хүртэх асуудал юм.
Энэ төслийг байгалийн нөөцийг үр ашигтай ашиглаж, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, иргэдэд бодит үр ашгийг хүртээх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилготой “Эрдэнэс Монгол” компани болон нийслэл хамтран хэрэгжүүлж байна. Бид уг төслийг хэрэгжүүлэхэд анхнаас нь зөв, оновчтой менежмент, засаглал, ил тод, хариуцлагатай байдал, холбогдох хууль тогтоомж, олон улсын болон дотоод стандарт, хэм хэмжээг мөрдөн ажиллах зэрэг зарчмуудыг баримталж байна. Менежментийн хувьд нэлээд олон хувилбар ярьж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран төслийг хэрэгжүүлбэл богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, үр дүн гарах болов уу гэж харж байгаа.
Мэдээж IPO гаргах асуудлыг дунд хугацааны стратегийн хүрээнд төлөвлөж байгаа юм. Учир нь, төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө босгох шаардлагатай тул IPO гаргах нь зүйтэй. Үүнээс гадна компани нь олон нийтэд нээлттэй болсноор засаглал сайжрах, иргэдийн хүсдэг ил тод, шилэн байдал бий болох, компанийн үйл ажиллагаа олон улсын стандарт шаардлагад нийцэх, зах зээлийн үнэлгээ нэмэгдэх зэрэг маш олон давуу талыг авчирдаг. Харин хот бонд гаргах нь төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг олон нийтээс татах богино, дунд хугацааны шийдэл юм. Бид өнгөрсөн хугацаанд дотоодын зах зээл дээр төгрөгөөр бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
-Асуудал ганцхан Улаанбаатар хотод л байна уу гэвэл үгүй байх. Хамгийн гол нь зөв гаргалгаа, цаг үеэ мэдэрсэн шийдэл хэрэгтэй байна. Та “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-аас хэрэгжүүлэх ТЭЗҮ-ийн шатандаа явж байгаа төслүүдийнхээ талаар товч мэдээлэл өгөөч?
-Эхний асуултын тухайд, Улаанбаатар хотод төвлөрөл тойрсон асуудал олон байна. Энэ төвлөрлийн асуудал дэлхийн томоохон хотуудад ч байна. Тодруулбал, дэлхийн хүн амын 55 хувь нь томоохон хотуудад амьдардаг. Судалгаагаар энэ тоо 2050 онд 68 хувь болж нэмэгдэх хандлагатай байна. Үүний улмаас дэлхийн хотуудад ч манай Улаанбаатар хоттой адил сорилт, бэрхшээл, асуудлууд ихээр үүснэ. Үүнийг дагаад шаардлагатай төсөв, санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Гэтэл нөгөө талаас Засгийн газрын өгөх татаас, санхүүжилтийн хэмжээ жилээс жилд буурсаар байна. Тэгэхээр хотууд төсөв, санхүүгийн дутагдалтай байдлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт анхаарал хандуулсаар ирсэн, тэгээд хотын санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох хоёр арга зам бий гэж үзэж байна. Нэгдүгээрт, орлого нэмэгдүүлэх, тогтвортой олон төрөлт санхүүгийн эх үүсвэртэй болох. Хоёрдугаарт, зардлыг эргэн харж, оновчтой болгох шаардлагатай. Бид яг л энэ арга замаар бусдын адил тогтвортой хөгжил рүү тэмүүлж, тодорхой шийдлүүдийг гарган ажиллаж байна. Үүнд, бидний хариуцан ажиллаж буй “Эрдэнэс Баянбогд” төсөл хамаарах бөгөөд шинэ төрлийн санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилготой. Мөн орлого нэмэгдүүлэх тухайд, энэ арванхоёрдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн нэгээс хоёр хувь болгон нэмэгдүүлсэн зэргийг дурдаж болох юм.
Хоёрдугаарт, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нь Улаанбаатар хотод хэрэгжүүлэх шаардлагатай, хувийн хэвшил сонирхох, гүйцэтгэх боломжтой олон төслүүдийг гадаад, дотоодын хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлээд явж байна. Сүүлийн үед гэрээ, хэлэлцээр байгуулсан төслүүдээс дурдвал, “Авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”. Энэ төслийн хүрээнд хотын төвийн 50 байршил дахь авто зогсоолуудыг стандартын дагуу тэмдэг, тэмдэглэгээ, камерын нэгдсэн системтэй болгох, төлбөрийн ухаалаг системийг нэвтрүүлэх ажлыг хийх. Мөн агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор, цахилгаан машины хэрэглээг дэмжих зорилгоор байршил бүр дээр цахилгаан автомашин цэнэглэгч байрлуулах ажлыг хувийн хэвшлийн 100 хувийн санхүүжилтээр шийдвэрлэхээр өнгөрсөн арваннэгдүгээр сард гэрээ байгуулсан. Мөн бид Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэрийг арилгах талаар, лаг дахин боловсруулах үйлдвэр барина гэж олон жил ярьж байгаа. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-аас лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг БНСУ-ын санхүүжилтээр өнгөрсөн есдүгээр сард эхлүүлсэн. ТЭЗҮ-ийг 2024 оны нэгдүгээр сарын дундуур албан ёсоор хүлээлгэн өгнө. Энэ үйлдвэрийг барьснаар, бид Төв цэвэрлэх байгууламжаас гарах үнэрээсээ салахаас гадна лагаа шатааж, боловсруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, орлого олох боломжийг нээх зорилготой ажиллаж байна. Түүнчлэн БНХАУ-ын Тяньжин хоттой хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн иргэдийг эрүүл, баталгаат хүнсээр хангах, цаашлаад гадаадад экспортлох зорилгоор хүнсний нарийн ногоо, жимсний жишиг паркийг сургалт, судалгаа, лабораторийн хамт байгуулах төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлье гээд санамж бичгийг өнгөрсөн наймдугаар сард зурсан, ТЭЗҮ-д тодотгол хийх ажил үргэлжилж байна гэх мэтчилэн дурдах ажил олон бий.
-Ярилцлагын төгсгөлд таны хувь хүнийхээ хувьд хийхээр төлөвлөж байгаа ажлын тухайд сонирхъё?
- Миний бие төлөөлөгчийн хувиар, гаднын улс орнуудад байдаг шиг “Ахмадын хөгжлийн төв” /Senior welfare center/ байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 2020 оноос судалгаа хийж байна. Манайд хатуухан хэлэхэд, тэтгэвэрт гарсан ахмадуудаа хаячихаад байна. Тэтгэвэрт гарсан ахмадууд хүүхэд харах л ажил голдуу хийдэг болоод байна. Үүнээс болж нийгмийн харилцаанд бага орох, өөртөө анхаарах цаг багасах, эрүүл мэндээ бүрэн анхаарч чадахгүйд хүрэх, улмаар бухимдал үүсэх, сэтгэл санаагаар унах зэргээр аливаа өвчлөл үүсэх суурийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, манайд ахмадууд маань нийгэм, эдийн засгийн хөгжлөөс улам бүр хоцрогдож байна. Нөгөөтэйгүүр энэ нь цаашлаад монгол хүний дундаж наслалтад нөлөөлдөг. Хүн амын дундаж наслалтаар Монгол Улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд ордог буюу дундаж наслалт 66 байна. Үүнд бид анхаарч өндөр настнууддаа санаа тавьж, халамжлах цаг нь болсон бөгөөд үүнийг дагаад эерэг олон өөрчлөлтүүд гарна. Иймд ахмад настны амьдралын хэв маяг, өнөөгийн байдлын судалгаан дээр тулгуурлаж, ахмад настнуудад зориулсан өдөр тутмын үйлчилгээ, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нээх цогц үйлчилгээтэй цогцолбор төв байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Би БНСУ-д яг тийм төвийг зорьж очин үйл ажиллагаагаа хэрхэн явуулдагтай нь танилцсан. Тэнд ахмадууд дуу хөгжим, гадаад хэл сурахын зэрэгцээ эрүүл мэнддээ анхаарах боломжтой байна. Дасгал хөдөлгөөн хийхээс гадна хүссэн спортоороо хичээллэх нөхцөлийг бүрдүүлжээ. Ахмадуудын нэг хэсэг нь компьютерийн хичээл заалгаж, хятад хэл сурч байх жишээтэй. Ахмадын хөгжлийн төвд 65-аас дээш насныхан хамрагддаг бөгөөд зарим хөтөлбөр нь багахан төлбөртэй. Тухайн өдөр тогломоор байна уу, эсвэл сурмаар байна уу гэдгээ шийдээд сонголтоо хийх боломжтой. Тэр төвөөр үйлчлүүлж байгаа ахмадууд уйдах завгүй, баярлаж хөөрсөн, сэтгэл ханамж дүүрэн байдалтай харагдаж байсан нь надад их гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Эртнээс бодож, төлөвлөж байгаа төслөө хэрэгжүүлэх хүслийг улам бадраасан гэж ойлгож болно. Гэхдээ тэнд очоод ийм төвийг дүүрэг бүрд бус Улаанбаатар хотод төвлөрсөн нэг төвтэй байхаар шийдвэрлэх нь зүйтэй юм байна гэсэн бодол төрсөн. Одоо бол ажил хэрэг болгоно гэж шийдээд холбогдох хууль тогтоомжуудыг судлаад явж байна.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.