УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ОХУ-ын Москва мужийн Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа
2023.12.07

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ОХУ-ын Москва мужийн Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2023.12.06) Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын даргын хувьд ОХУ-ын Москва мужийн Эрүүл мэндийн яамны Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар элэгний D вирусын эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав.

Павел Олегович Богомолов нь элэгний C болон B вирусын халдварыг эмчлэх, D вирусыг эмчлэх шинэ эмийн эмнэл зүйн туршилт, судалгааг амжилттай хэрэгжүүлсэн зөвлөх мэргэжилтэн бөгөөд Москва мужид элэгний өвчлөлийг хэрхэн бууруулсан туршлагыг хуваалцаж, хамтарч ажиллах чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн урилгаар манай улсад ажиллахаар ирээд буй юм байна.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын дарга Л.Мөнхбаатар уулзалтын эхэнд, 2016-2020 онд Монгол Улсад хэрэгжсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нь элэгний C вирусыг эмчлэхэд төвлөрч байсан бол одоо D вирусыг хэрхэн эмчлэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байна. Тиймээс D вирусын эмчилгээнд ОХУ-тай хамтарч ажиллахад туйлын таатай байх болно. Таныг энэ асуудалд санаа тавьж буйд талархаж байна хэмээв.

Павел Олегович Богомоловын зүгээс Москва муж нь Монгол Улстай хүн амын тоо ойролцоо. Москва мужид элэгний вирусын халдвар нийт хүн амын 2 хувьд тархсан гэж үздэг бол Монгол Улсад энэ тоо нэлээд өндөр байна. Москва мужид элэгний өвчний эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчлөлийг бууруулах тал дээр тодорхой амжилтуудад хүрсэн. Монгол Улсын хувьд ч ийм боломж бүрэн бий хэмээгээд зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын дарга Л.Мөнхбаатар тус Комиссын хурал ирэх оны гуравдугаар сард ОХУ-д болохыг дурьдаад, элэгний D вирусын эмчилгээнд хоёр улс хамтран ажиллах асуудлыг Комиссын хурлын нэг сэдэв болгон хэлэлцэх боломжтойг тэмдэглэлээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн байлцав. Тэрбээр, элэгний хорт хавдрын өвчлөл манай улсад өндөр байгаагийн шалтгаан нь элэгний C болон B вирусын халдвартай холбоотой. Тэр дундаа B вирусын халдвар D вирустай давхцсан байдаг нь эмчилгээнд хүндрэл учруулдаг. Энэхүү вирусыг эмчлэх өртөг маш өндөр учир иргэдэд үнэтэй тусаж байна.

Түүнчлэн, одоогоор Эрүүл мэндийн даатгалаас даах боломжгүй учир өөр гарцуудыг хайх шаардлагатай. Монгол улс даяар элэгний C болон B вирус, тэр дундаа B вирус нь D вирустэй хавсарч тархах болсон учир парламентын зүгээс ч үүрэг гүйцэтгэж, яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Монгол Улс элэгний D вирустэй тэмцэх үйлсэд ОХУ-ын эрүүл мэндийн салбарыг татан оролцуулах асуудал биелэх боломжтой. Үүний нэг нь Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хурлын хэлэлцэх асуудалд тусгаж, хэрэгжүүлэх явдал юм гэж санал бодлоо илэрхийллээ.