МЭЛХИЙТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, НИЙСЛЭЛИЙН СҮЛДЭТ ХУУРЫГ ЦЭНГҮҮЛЛЭЭ
Тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ.
Энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлахаар тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлал тогтсон юм. Энэ бол Монгол Улсын нийслэл хотоо үүсэж байгуулагдсан өдөрт нь хүндэтгэл үзүүлэхийн сацуу хойч үедээ сануулан захиаслаж байгаа нэг хэлбэр юм.
Нийслэлийн түүхт 384 жилийн ойн хүрээнд улс болон нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа эзэн болж, амжилттай, үр бүтээлтэй ажилласан нийгмийн салбарын ажилтнууд болон нийслэлийн алба хаагчдыг шагналаа. Засгийн газрын шагнал, ХНХЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Мөнхзаяа, Ж.Сүнжидмаа, ХНХЯ-ны Жуух бичгээр Ч.Буянжаргал, Ш.Отгон, Нийслэлийн Хүндэт үнэмлэхээр О.Уранбаяр, О.Баттулга, Нийслэлийн хүндэт тэмдгээр Ж.Лувсанбат, Г.Бямбажав нар тус тус шагнагдсаныг гардуулан өглөө.
Ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа, Нийслэлийн далбааг мандуулж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо.