2023.10.11
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын орлогч дарга Жан Жифэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тухайлбал, Улаанбаатар хотод Хөх хотын нэрэмжит ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг бий болгох, хотуудын хооронд зохион байгуулагдаг Сурагч солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэн БНХАУ-ын бусад хотуудад зохион байгуулах, сүүн, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө өнгөрсөн хугацаанд хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжин хөгжиж ирсэн бөгөөд цаашид ч энэ харилцааг үргэлжлүүлж, олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгийг онцоллоо. Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн зүгээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс эхлэн олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж байв.