“Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болов
2023.10.25

“Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Фридрих-Эбертийн сан хамтран “Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.10.25) зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Парламент бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг, ард түмний засаглах эрхийг амьдралд бодитоор хэрэгжүүлдэг байгууллага. Тийм ч учраас 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дараа Улсын Их Хурал стратегийн баримт бичгээ баталж, Улсын Их Хурлын эрхэм зорилго бол ард түмний засаглах эрхийг хангах явдал гэдгийг тодорхойлсон талаар тэмдэглээд энэхүү засаглах эрхийг хангахын тулд гурван D парламент байх зорилтыг дэвшүүлснийг онцолсон.

Өөрөөр хэлбэл Democratic буюу ардчилсан, хүний эрх, хууль дээдлэх ёсыг хангасан, ард түмний оролцоотой парламент, Digital буюу орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж ард иргэдийнхээ дуу хоолойг ард иргэдэд хүндрэлгүйгээр сонсдог парламент, Deliberative буюу тэнцвэртэй мэдээллээр иргэдийг хангаж, ухамсартай ардчиллын арга хэлбэрийг хөгжүүлсэн, ард иргэдтэйгээ зөвлөлддөг парламент байх зорилтыг дэвшүүлж, эдгээр зорилтыг хууль тогтоомжууддаа тусган, хэрэгжүүлж буйг дурьдаад, парламентын ардчилалд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд гурван D парламент байх зорилт дэвшүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч буйг тэмдэглэв.

Мөн Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж буй Фридрих-Эбертийн сан, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудад талархал илэрхийллээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фридрих-Эбертийн сан нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй бөгөөд хэлэлцүүлэгт Фридрих-Эбертийн сангийн ерөнхийлөгч Мартин Шульц оролцлоо. Тэрбээр мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Монголын парламент түүхэн уламжлалдаа суурилсан ард иргэдийн оролцоог хангасан төлөөллийн парламент байх зорилт дэвшүүлэн ажиллаж буйд баяр хүргээд, парламентын ардчилалд тулгарсан асуудлыг шийдвэрлэж байсан өөрийн туршлага, түүхээ хуваалцлаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын төлөвшил, үүрэг оролцоо” сэдвээр, аюулгүй байдал судлаач Л.Бадамханд “Геополитикийн нөхцөл байдал ба парламент” сэдвээр илтгэл тавьсан. Улсын Их Хурлын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэгт оролцов. Оролцогчдын асуултад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Фридрих-Эбертийн сангийн ерөнхийлөгч Мартин Шульц нар хариулт өгч, оролцогчдын саналыг сонссоноор өндөрлөлөө.