Төрийн ордон дахь хүний эрхийн мэдрэмжтэй өдөр
“Дарга өглөө хэдэд ирсэн бэ” гэж сонирхоход туслах нь “6:55 гэхэд ирсэн. Өчигдөр орой УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр тайлбар өгөөд, 22 цагт харихаар гарсан” хэмээн хариуллаа. УИХ-ын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы өрөөнд өнжихөөр баасан гаригийн өглөө найман цагт Төрийн ордон дахь албан тасалгааг зорьсон нь энэ. Тэрбээр 2019 оноос хойш энэ албыг хашсан юм.
Өрөө нь лав Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн даргынхаас хавьгүй уужим юм билээ. Л.Өлзийсайхан даргын том ширээ өмнө нь АИХ-ын дарга Ж.Самбуу гуайнх байсан гэж тамгын газрын архаг ажилтан сонирхуулсан шүү. Энэ өдөр Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд “түм түжигнэж, бум бужигнав”. Л.Өлзийсайхан ирэх өдрүүдэд Анголд болох Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны чуулга уулзалтад оролцох тул ажилтнуудаа шахаж шавдуулах, үүрэг даалгавар өгөх, зохицуулах ажил ундарч, хурлаас хурлын хооронд гүйхэд хүрлээ.
Хамаг улс орнуудын парламентын гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга нар чуулах зуур ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон манай Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээж авахаа мэдэгдсэн нь Монголын парламент хүний эрхийн болон жендэрийн өөрийн үнэлгээ хийх болсонтой холбоотой. Өмнө нь жендэр мэдрэмжээ үнэлүүлсэн 11 орон байсан бол хамгийн анх хүний эрхийн мэдрэмжээ үнэлэх зоригтноор манайхан тодорчээ. Монгол Улсын Их хурал болон ОУПХ санамж бичиг байгуулж, ирэх сард шинжээчдийн баг Монголд ажиллах юм. Үнэлгээний аргачлалыг ОУПХ, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас боловсруулсан гэнэ. “Үнэлгээний үр дүнд байр эзлүүлэхгүй харин уг үнэлгээг хийснээрээ парламент жендэр мэдрэмжтэй, хүний эрхийг хангах чин эрмэлзэлтэй болохыг олон улсад нотлон харуулна” гэж Л.Өлзийсайхан дарга өмнө нь Төрийн ордонд болсон семинар дээр онцолсон билээ. Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байх нь парламентыг ардчилсан, хариуцлагатай болгодог байна.
ДЭГ ЯРИХААРАА ОНГОД НЬ ОРДОГ ЭМЭГТЭЙ
Даргын ажил Нэгдсэн хуралдаан удирдах дараалал “шагайх”-аас эхлэв.
“Өнөөдөр чуулганаар таван асуудал хэлэлцэх юм” хэмээн Л.Өлзийсайхан тайлбарласан. Хэлэлцэх сэдэв, хэн асуулт асуух, хуралдаан даргалагч хурлыг хэрхэн удирдах дараалал хурал эхлэхээс өмнө тодорхой болдог аж.
Дэгийн хуульд орсон өөрчлөлтөөр гишүүд горимын санал гаргах бол хуралдааны өмнөх өдрийн 17 цагаас өмнө саналаа бичгээр ирүүлдэг болжээ. Б.Пүрэвдорж гишүүн асуулт асуухаар бичгээр санал ирүүлсэн байна лээ.
Дашрамд сонирхуулахад Л.Өлзийсайхан “Парламентын хуралдааны дэг: Эрх зүйн харьцуулсан шинжилгээ” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Өмнө нь түүний лекц уншихыг сонсох тохиол таарч, Дэгийн тухай онгодтойхон яриаг нь ахиу “порц”оор хүртсэн удаатай.
УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар Ерөнхий нарийн бичгийн даргадаа илтгэхээр орж ирэхдээ гуравдагч этгээд суугаад байхаар үе үе хяламхийнгээ, болгоомжлонгуй шинжтэй ярив. Чихээ дэлдийлгэж суусан ч мэргэжлийн үг хэллэгээр “зодсон” яриаг нь ойлгоогүй л дээ. Н.Мягмар даргын сүүлийн өгүүлбэрийг би хүртэл ойлгосныг бодвол хашруудын “шивнээ” дуусав бололтой. “Хөрөнгө оруулалтын хуулиа дагуулаад, гадаадын иргэнд газраа 60+40 жилээр өгөх гэлээ гээд бөөн маргаан дагуулсан хуулийн төслөө Засгийн газар татан авахаар албан бичиг ирүүлсэн” гэсэн шүү.
Хананд байрлуулсан Чингис хааны зурагт нэг “нууц” бий гэнэ. Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс энэ зургийн ард нэрийн хуудсаа хийж орхидог заншилтай ажээ.
УИХ-ын Тамгын газрын дарга байсан Н.Лувсанжав гуай Тамгын газрын дарга яагаад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж хувирсан талаар ийнхүү тайлбарлаж билээ. “Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг статус нь өндөр. Бид 2020 онд УИХ-ын хуулийг батлуулахдаа зориуд ярьж байгаад хийсэн юм. Парламентат ёсны хөгжлийг үүрч, УИХ-ын “гал тогоо”г барьдаг хүн бол парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга байдаг. Ерөнхий нарийн бичгийн дарга олон юмыг зохицуулдаг хүн.
Парламентад дэгийн зөвлөгөө өгнө гэдэг бол зүгээр нэг тамгын газрын ажилтны хийдэг ажил биш. Ерөнхий нарийн бичгийн дарга л Дэгийн зөвлөх байдаг. Парламентын хууль тогтоох ажиллагаа нарийн дэгтэй. Дэг нь бүхнийг зохицуулж чадахгүйгээс болоод асуудал гарна. Тэр үед юуг яах ёстойг хэлэх ёстой хүн. Заримдаа гацаанд орчихоод “Ерөнхий нарийн бичгийн даргыг дууд” гэдэг шүү дээ. Хариуцлага өндөр албан тушаалтан. Тэр өндөр түвшинд нь хуульчилсан” гэсэн билээ.
Унш унш бас дахин унш
Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд хамгийн нүсэр тавилга нь номын шүүгээ байлаа.
Номын баярыг ивээдэг гэдгээр нь хүмүүс мэддэг Г.Занданшатар дарга дэргэдэх хүмүүстээ ч ном унших даалгавар өгдөг гэнэ. Ерөнхий нарийн бичгийн даргадаа спикер өөрийнхөө уншдаг “Орос, Хятадын завсар дахь Монгол Улс 1990-2000 он” гэсэн судалгааны номыг унших үүрэг өгч байжээ. “Гурван улсын үлгэр”, “Харизм“, Д.Бадарчийн “Системийн сэтгэлгээ”, Г.Цэрэнгийн “Байгууллагын зан төлөв” хэмээх номуудыг ч бэлэглэсэн. Спикер нэг удаа туслахаа “Уншсанаа ярь” хэмээн шалгасан удаатай гэнэ. Л.Өлзийсайхан харин ийм шалгалтад бүдрэхгүй бололтой “Гүйцэтгэлийн дөрвөн дүрэм, сахилга батын гайхамшиг” номыг тодруулагчаар зурж, тэмдэглээд өнгө алаг болгочихож. “Онц чухал дээр төвлөрөх нь” гэсэн хэсгийг онцолсон харагдсан. Л.Өлзийсайханд “100 хүний нэг нь л хэрэгжүүлдэг ажлын ноу хау” таалагддаг гэнэ.
Ерөнхий нарийн бичгийн даргад номоос гадна унших ажил мундахгүй. УИХ-ын баталсан бүх хуулийг уншдаг ажилтай. УИХ-ын дарга хуулийг ёсчлохоос өмнөх редакцын уншилт хийдэг юм байна.
Хуульд үг үсгийн алдаа гаргавал хариуцлага тооцдог болохоор тэр хамгийн хянамгай редактор гэдэг нь дамжиггүй.
Ухаалаг самбар
Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөний бас нэгэн чухал тавилга Ухаалаг самбар. Энэ өдөр Л.Өлзийсайхан даргын ажилласан том, жижиг танхим бүгд “Ухаалаг самбар”-тай байсан юм. МУИС-ийн Хууль зүйн сургуульд 15 жил шахам багшилсан түүний хувьд самбар гэдэг сэтгүүлч бидний үзэг, дэвтэр шиг л чухал эд бололтой. 148 дугаар сургуулийн “Парламентын боловсрол” клубын сурагчдад лекц уншихаар очихдоо хүртэл Ухаалаг самбараа “чирч” явсан нэгэн.Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг УИХ-ын даргад хууль өргөн барих үеэр байлцахаар гүйж явахдаа тэрбээр ордонтой танилцаж буй хүүхдүүдтэй таараад зогтусч, үг сольж амжив.
Эгч нь та нарт “Парламентын боловсрол”-ын танилцуулга, ном өгнө өө гэсээр цааш гүйсэн юм. “Морьтой болоод завтайсан бол” гэдэг шиг сул цагтай бол багш мэргэжлийн хобби нь сэдрээд, хүүхдүүдэд “Парламентын боловсрол”-ын талаар ярих байсан даа. Багш угшилтай хүн Ерөнхий нарийн бичгийн дарга болсон нь УИХын тухай хууль болон УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд ул мөрөө үлдээжээ. Эдгээр баримт бичгийн үндсэн дээр УИХ-ын Тамгын газар 2021 оноос “Парламентын боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөн дэх Ухаалаг самбарын өмнө 11 цаг 30 минутын үед 22 настай Г.Оюунбилэг “Парламентын цагаан толгой” танилцуулж зогсов. СЭЗДС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан тэрбээр “Viral agency”-д ажилладаг. Багийн ахлагч Г.Дөлгөөн, гишүүн А.Золбоо нар мөн өрөөнд суусан агаад, тэд “Парламентын цагаан толгой”-г залууст зориулж бэлтгэжээ.
Ийнхүү асуух нь асуугаад, хариулах нь хариулаад бужигнаж байтал хойморт суугаа Өлзий даргын утас дуугарлаа. Тэр “УИХ-ын дарга ярьж байна” хэмээн хүндэтгэлтэй хэлээд, утсаа чихэндээ авахад нь өрөөнд байсан бид номхон команд авсан мэт болов. “За даргаа хэмээн цэрэг маягаар хэлээд, өмнөх дэвтэртээ спикерийн “лүндэн”г тэмдэглэх нь яг л хэдэн томъёо шиг харагдана.
Охид “Парламентын цагаан толгой”-н Е үсэг дээр Ерөнхий нарийн бичгийн даргын тухай мэдээлэл шигтгэжээ. Дэлхийн 193 улсын парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын 54 нь эмэгтэй, 139 нь эрэгтэй. Азид Сингапур, Тайланд, Монгол, Лаос зэрэг долоон улс эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай ажээ.
“Парламентын цагаан толгой”-н нээлтийг арваннэгдүгээр сард болох “Нээлттэй парламент”-ын өдрүүдээр хийхээр төлөвлөсөн гэнэ.
ОРОН НУТАГТ Ч ИРГЭДЭЭ СОНСОНО
Энэ өдөр Л.Өлзийсайхан даргын соён гэгээрүүлэх ажил 9:05 цагт “Их засаг” танхимаас эхэлсэн л дээ. “Төлөөллийн байгууллагын ил тод байдал” сэдвээр Хууль тогтоомж сурталчлах төвийн ажилтнуудад зориулж сургалт уулзалт хийсэн юм. D өргөдлийн системээ орон нутаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвүүдээрээ дамжуулан сурталчлах талаар ч яригдсан бол арваннэгдүгээр сард товлосон “Нээлттэй парламент”-ын өдрүүдээр орон нутаг дахь Хууль тогтоомж сурталчлах төвүүддээ иргэдийг хүлээж авч, мэдээлэл өгөх, цахимаар санал авах талаар ч хэлэлцэж байна лээ.
Хууль санаачлах эрхийг иргэддээ олгож буй хэлбэр хэмээгдэх D өргөдлийн системд санал авч эхлээд хэдхэн хонож буй ч иргэн Г.Занданшатарын санал аль хэдийнэ 75 000 дэмжлэг аваад буйг онцолсон. Иргэдийн оруулсан дараагийн саналууд ч олон дэмжлэгтэй явааг Ерөнхий нарийн бичгийн дарга дуулгав.
Одоогоор Дархан, Баянхонгор, Өвөрхангайд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулсан. Яваандаа Хууль тогтоомж сурталчлах төвүүдийн сүлжээ бий болно гэж итгэж байна хэмээн Л.Өлзийсайхан хэллээ. Иргэдээ сонсох, парламент, ИТХ хууль тогтоомждоо иргэдийнхээ санаа бодлыг тусгах шинэ соёл бий болгох талаар Ерөнхий нарийн бичгийн дарга онцолж байв. “Парламент оньсого шиг институт. Иргэд хөгжих тусам парламент дагаж хувирах ёстой” гэж үздэг хэмээн тэрбээр ярьсан юм.Том даргатай уулзсан дээрээ санал хүсэлтээ мэдүүлж, “Суусан газраасаа шороо атгах” сэргэлэн хүмүүс ч байв. Дархан-Уул аймгаас ирсэн Д.Гантулга үндсэн ажлынхаа зэрэгцээ Цагаатгах комиссынхоос авахуулаад 12 чиг үүрэг хүлээдэг. Албан тушаалын тодорхойлолтод Хууль тогтоомж сурталчлах төвийн ажлын талаар байдаггүй. Цалин урамшуулал олгох эсвэл орон тоо гаргаж өгөх талаар шийдвэрлэхийг хүслээ. Тэрбээр мөн “Ах аа, намайг бодоорой” гэдэг шиг “Гадаадад туршлага судлах талаар цаашдаа бодоорой” гэж хүссэн.
Ерөнхий нарийн бичгийн дарга эхний саналыг ойрын үед ярилцаж шийднэ гэлээ. Гадаадад туршлага судлах хүсэлтийг ч ойшоолгүй өнгөрсөнгүй. Л.Өлзийсайхан өмнө нь “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш болох дунд сургуулийн гурван багшийг Япон болон Германы айлчлалын багтаа багтаан туршлага судлуулсан удаатай.
Жендэр мэдрэмжтэй байх амаргүй юм аа
Ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд 14-15 цагийн хооронд хуралдсан Хүний эрх, жендэрийн үнэлгээний өргөтгөсөн ажлын хэсгийн хуралдаанаар сонирхолтой жишээнүүд ч дурдагдаж байлаа.
Н.Цогтсайхан зөвлөх “Байгууллагын соёл” гэсэн үнэлгээний хэсэг бий шүү гэж онцолсон. Үндэсний зөвлөх Б.Долгор түүнийг дэмжиж, “Байгууллагын соёл гэдэг дээр ажил, ар гэрийн тэнцвэр барих гэдэг асуудал асар чухал шүү” хэмээн санууллаа. Ажилтнууд ажлын цагтаа тардаг уу, хүүхдийнхээ сургуулийн эцэг эхийн хуралд сууж амждаг уу гэх мэт нарийвчилсан асуултуудын хариу эерэг байхад төвөгтэй л юм. Шаардлагатай үед цаг, наргүй ажилладаг гэцгээдэг УИХ-ын Тамгын газрынхан эмэгтэй голдуу ажилтнуудтай шүү дээ.
“Жендэрийн мэдрэмжтэй гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэгцээ ашиг сонирхлыг эрх тэгш тусган ажилладаг парламентыг хэлдэг” гэж Л.Өлзийсайхан дарга нэг бус удаа онцолж буй. Жендэр мэдрэмжтэй парламент байхын тулд ариун цэврийн өрөөний асуудал хүртэл яригдах юм билээ. Ерөнхий нарийн бичгийн дарга зарим улс орны парламентууд эмэгтэй уран бүтээлчдийн бүтээлийг аль нэг танхимдаа дэлгэдэг жишээг ч дурдлаа. Үнэлгээний багт ажиллаж буй Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах референт О.Нарантуяа “Ордонд байгаа 27 зургийн хоёр нь л эмэгтэй уран бүтээлчийн зураг байгаа ч “Ану хатан” гэх мэтээр эмэгтэй агуулгатай зургууд бас байна хэмээн илтгэв.
Л.Өлзийсайхан ажилтнууддаа амралтын өрөө гаргаж өгөхийг хүсдэг ч төрийн ордонд парламентаас гадна Ерөнхийлөгч, Засгийн газар бас байрладаг учраас өрөө олох хүнд, хамгаалалтын асуудал бас хөндөгддөг гэдгийг учирласан.
Хамгийн сүүлд хуралдсан “Нээлттэй парламент”-ын ажлын хэсгийн хуралдааны үеэр Л.Өлзийсайхан даргад захиас даалгавар мундахгүй их байв.
“Түрүүн 14 дүгээр сургуулийн хүүхдүүд танилцах аяллаар явна лээ. Тэдэнд “Парламентын боловсрол”-ын ном, материал өгнө гэж амласан. Ирэх долоо хоногт сургууль руу нь хүргүүлээрэй” гэж хэлэхээ ч мартсангүй.
Жич: Албан газарт өнжсөн учраас энэ удаа хоол “мода”-ноос гарсан шүү. Энэ өдөр Л.Өлзийсайхан үнэндээ хоол ч идэж амжаагүй. Хоолоо ихэвчлэн гэрээсээ авчирдаг гэнэ. Туслахын авчирсан хоолыг идэх үе ч гардаг. Гэсэн ч бас энэ удаагийнх шиг хоол идсэн эсэхээ ч анзаарахгүй явах нь цөөнгүй.
Даргын ажил дуусаагүй ч 18 цаг хүрээд миний ажил өндөрлөв. Үзэг, дэвтрээ цүнхэлж байх зууртаа туслах нь Маркс, Энгельсийн хэдэн боть шиг зузаан гэгчийн унших материалууд оруулж ирж, ширээн дээр тавихыг харлаа…
Б.Янжмаа