Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос агаарын чанар, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар мэдээлэл сонслоо
2023.10.17

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос агаарын чанар, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны /2023.10.16/ хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд агаарын чанарын асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны 10 дугаар сарын 09-15-ны өдрийн байдлаар Нисэх, Зурагт, Зайсан, Налайх, Ургах наран хороолол орчим цэвэр буюу “Хэвийн”, харин Толгойт, Шархад, Хайлааст, Таван буудал, Мишээл экспо, 13 дугаар хороолол, Цахилгаан станц, Амгалан, Баянхошуу, I хороолол, 100-н айл, Баруун дөрвөн зам орчим “Бага бохирдолтой” түвшинд байна. Улаанбаатар хотын хүхэрлэг хийн орон зайн тархалт I хороолол орчим агаарын чанарын индексээс 43 мкг/м3-ээр их, Шар хад орчим 1.2 дахин их, бусад цэгүүдэд агаарын чанарын индексээс давсан тохиолдол гараагүй байна.

Азотын давхар ислийн хувьд Баруун дөрвөн зам орчим агаарын чанарын индексээс 26 мкг/м3 –ээр их /1.6 дахин/, I хороолол орчим агаарын чанарын индексээс 7 мкг/м3 –ээр их, Бөхийн өргөө орчимд 7 мкг/м3 агаарын чанарын индексээс 10 мкг/м3, бусад цэгүүдэд агаарын чанарын стандартаас давсан тохиолдол илрээгүй. РМ2.5 болон РМ10 тоосонцрын хэмжээ 2.1-3.2 дахин давсан үзүүлэлтүүд агаарын чанарын суурин харуулуудад илрээд байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.Мөн тэрбээр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн зарим бүсэд тархсан “үнэр”-ийг тодорхойлохоор Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Дүнжингарав худалдааны төвийн орчим орчны агаарын чанарын хэмжилтийг хөдөлгөөнт явуулын хэмжилтийн AQMS-9000 харуулаар хийж гүйцэтгэлээ. Хэмжилтийн дүнгээс үзэхэд, агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй, орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлт хэмждэг бөгөөд сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй гэж байлаа.

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаарх мэдээлэлдээ, хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн туршилтын үйлдвэрлэл явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан бөгөөд туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна. Тухайлбал, дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг. Мөн шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг байна. Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксон сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон.

Асаагчийн судалгааг цаашид үргэлжлүүлж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Туршилтын судалгааны ажил үргэлжилж байна гэдгийг Б.Чойжилсүрэн сайд мэдээлэлдээ онцолсон.Гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцөлийг бүрдүүлэх талаарх мэдээлэлд, “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд 4 квт хүчин чадалтай 5012 айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх” төсөл 2023 онд хийгдэж байгаа. Энэхүү ажил хэрэгжсэнээр Сонгинохайрхан дүүргийн 5012 өрх 4кВт хүртэл цахилгааны хүчин чадалтай болох бөгөөд гэрээ цахилгаанаар халаах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр 13.532 тоннн сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх бохирдлын хэмжээг бууруулах боломж бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2023 онд ажиллаж байна гэж байлаа.

Үргэлжлүүлэн Таван толгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, чанарын асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийсэн.

“Тавантолгой түлш” ХХК өнөөдөр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энэ зун 120 мянган тонн шахмал түлшний нөөцийг 9 дүгээр сарын 15-н гэхэд бүрдүүлж, нийслэл хоттой хамтраад агуулахуудад хадгалж, өвлийн бэлтгэлээ хангаад байгааг гүйцэтгэх захирал мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хоногтоо 1500-1800 тонн шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргээд байна. Үйлдвэрийн технологийн тухайд стандартын дагуу үйлдвэрлэл, үйл ажиллагаа хэвийн явж байна. Таван толгойн ордоос “Энержи Ресурс” компанийн баяжуулах үйлдвэрт баяжигдсан завсрын бүтээгдэхүүн болгох эрчим хүчний нүүрс, мидлингийг төмөр замаар татаж байна. Өнөөдрийн байдлаар 170 мянган тонн мидлингийн нөөцтэй, 120 мянган тонн бэлэн шахмал түлшний нөөцтэйгөөр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэв. Мөн тэрбээр, технологийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

Дотоодын барьцалдуулагч “Баргил тех” компанийн хийсэн барьцалдуулагчийг тодорхой хувь дээр ашиглаж байна. Мөн цардуулд суурилсан барьцалдуулагч болон шуудайг импортоор авч хэрэглэж байгаа. Бид үндсэн гурван түүхий эд болох мидлинг, барьцалдуулагч, шуудайн нөөцийг бүрдүүлэх ёстой. Шуудайны тухайд импортын бүх гэрээнүүд нь хийгдэж байна. Дотоододоо ганцхан “Гранд Лаки” гэж шуудайны үйлдвэр л манай стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Уг компанитай нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувьд гэрээ хийдэг бөгөөд тус компанийн хүчин чадал нь энэ. Дотоод журмын дагуу бид барьцалдуулагч нь 50 хувиас дээш цардуултай барьцалдуулагчийг авдаг. Гарч байгаа бүтээгдэхүүний хувьд MNS 56.79 гэсэн стандартын дагуу үзүүлэлтүүд хэвийн гэсэн товч мэдээлэл өгсөн.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, С.Одонтуяа, Т.Аубакир, Г.Ганболд, Ш.Адьшаа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. Гишүүд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн зарим бүсэд тархсан “үнэр”-ийг тодорхойлсон эцсийн дүгнэлт, агаарын чанарыг тодорхойлдог баталгаатай багаж, тоног төхөөрөмжийг хэрэглэж байгаа, эсэх болон нүүрсний угаараас хордон нийт хэчнээн хүн амь эрсэдсэнийг тодруулж байлаа. Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэл хотыг орон сууцжуулахад хэчнээн их наяд төгрөг шаардлагатай талаар, дотоодын болон БНХАУ-аас нийлүүлдэг барьцалдуулагчийг дотоодын итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлсэн, эсэх, сайжруулсан түлшний үйлдвэрийг нийслэлийн Засаг даргын харьяанд шилжүүлж, хариуцлагыг нь үүрүүлэх боломжтой талаар лавлаж байлаа.

Хуралдааны төгсгөлд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Г.Ганболд нийгмийг талцуулаад байгаа хагас коксжуулсан сайжруулсан түлшний туршилт болон хэдхэн хоногийн өмнө нийслэлийн зарим хэсгийн агаарт дэгдсэн үл мэдэх үнэрийн шалтгааны талаар нэгдсэн мэдээлэл авах зорилгоор дэд хорооны хуралдаан хийснийг онцлоод улмаар 37 тэрбум төгрөгөөр хагас кокс орж ирэхгүй, туршилт хийхгүй, улмаар нийслэлийн Налайх дүүрэг орчимд аюултай хог хаягдал булшилдаг компани хаягдлаа бохирын шугамд хийсэн гэх мэдээллийг авлаа.

Иймд цаашид тухайн компанид хариуцлага тооцох ямар арга хэмжээ авсан, үүнтэй холбоотой үүссэн эрсдэлийн талаар Дэд хороонд бичгээр мэдэгдэх, түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, томоохон хөрөнгийн гүйцэтгэл, үр дүнгийнхээ талаар ойрын хугацаанд мэдээлэл хийхийг даалгалаа.