Монгол-Хятадын ногоон инновацын хөгжлийн форум, техникийн сургалт Хөх хотод болж байна
2023.09.22

Монгол-Хятадын ногоон инновацын хөгжлийн форум, техникийн сургалт Хөх хотод болж байна

“Монгол-Хятадын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн салбарт технологи дамжуулалт, техникийн сургалтын төв” байгуулах тухай санамж бичиг байгуулав.

Монгол-Хятадын ногоон инновацын хөгжлийн форум, техникийн сургалт Хөх хотод болж байна. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн салбарт орчин үеийн сургалт судалгаа үйлдвэрлэл, инновацын жишиг механизм нэвтрүүлэхэд энэ арга хэмжээний зорилго оршино.

Форумд Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны паркийн захиргаа, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их суругуулийн төлөөлөл оролцож байна.

Арга хэмжээний үеэр “Монгол-Хятадын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн салбарт технологи дамжуулалт, техникийн сургалтын төв” байгуулах тухай санамж бичиг байгуулсан юм. Энэ төвийн үйл ажиллагаанд Монгол Улсын талаас шинжлэх ухааны парк, технологи дамжуулах төв, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцон ажиллана.

Хөдөө аж ахуйн салбарт чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтууд зохион байгуулах, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршилт явуулах, газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлуудыг гүйцэтгэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх зэрэг олон талт ажлууд хийгдэхээр төлөвлөж байна.

  • Тус төв нь дараах таван дэд төвтэй байна.
  • Биологийн үржүүлгийн технологи судалгаа дэд төв
  • Газар тариалан, мал аж ахуйн үржүүлэг тариалалтын дэд төв
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дэд төв
  • Орчин үеийн газар тариалан, мал ахуйн техник сургалтын дэд төв

Цөлжилтөөс сэргийлэх дэд төвүүдийг тус тус хөгжүүлэн ажиллах юм.