Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх хэлэлцээр бүрэн албажиж, Дундговийн замыг засварлахаар болов
Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр OPEN SKY хэлэлцээрт гарын үсэг зурсан. ЗГ-ын хуралдаанаар энэ хэлэлцээрийг эцэслэн баталлаа.
Ингэснээр Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн албажиж байна. АНУ-руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 2000-4000 долларын үнээр тийз авдаг. Шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох юм.
Эхний ээлжинд ирэх оны эхний хагаст багтан эхлээд АНУ-ын Сан Франциско хот руу, цаашдаа боломжит бүх хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Мөн Засгийн газраас энэ жилдээ багтаан хамгийн их эвдрэлтэй байгаа Дундговь аймгийн хатуу хучилттай авто замыг засварлах , иргэд аюул осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шийдвэр гаргалаа.
Миддлинг тээвэр, хулгайн нүүрс тээвэртэй холбоотойгоор эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. Ирэх 2024 онд тус замд их засвар хийнэ.
Дашрамд дурдахад ирэх онд нийт 660 км хатуу хучилттай авто замд бүрэн хэмжээний их засвар хийхээр төлөвлөөд байна.