С.Одонтуяа: Хэлмэгдүүлэлтийг давтахгүйн тулд хойч үеэ соён гэгээрүүлэхэд анхаарна
2023.09.11

С.Одонтуяа: Хэлмэгдүүлэлтийг давтахгүйн тулд хойч үеэ соён гэгээрүүлэхэд анхаарна

Монгол Улс улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүд, ГХЯ, нийслэлийн ЗДТГ, НИТХ-ын төлөөлөл, хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсөд өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяагаас дараах тодруулгыг авлаа.

-Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг хөшөөнд цэцэг өргөөд хүндэтгэл илэрхийлэхээс илүү хойч үеийнхэнд энэ түүхийг давтуулахгүй байхад хэрхэн анхаарч байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид хилсээр гэмт хэрэгт шийтгэгдсэн иргэдээ цагаатгах, нөхөх олговор олгох, нэр төрийг нь сэргээх ажлаа амжилттай хийж ирсэн. Мөн манай төр, нийгмийн зүтгэлтэн 249 хүнийг ОХУ-д цаазлуулсны хөшөө тус улсад хаалттай газар байсан. Тухайн хөшөөний загварыг монголд авчирч бүтээн байгуулснаар хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсөд, монголын ард түмэн очиж хүндэтгэл илэрхийлэх чухал үйл явдал болсон. Харин одоо хойч үеэ соён гэгээрүүлэх, дахин ийм асуудал гаргахгүй, бараан түүхийг давтахгүй байхад онцгой анхаарч, энэ талаар олон баримтат кино, нэвтрүүлэг бэлдсэн байгаа.

Энэ жилийн хувьд БНСУ-ын Чэжү хотын “Чэжү 4.3 Энхтайван” сангийнхан манай улсад ирж туршлага солилцож байна. Учир нь 1948 онд Чэжүд маш том хэлмэгдүүлэлт болсон байдаг. Энэ хядлагад нийт 30 мянган хүнээс 14 мянга нь цаазалсан бараан түүх нь биднийхтэй адил юм. Энэ түүхийнхээ талаарх үзэсгэлэнг Монголын Үндэсний түүхийн музейд өнөөдөр нээж байна. Улс орнуудад төрийн буруу шийдвэрээс ийм хэлмэгдүүлэлт гардаг нь маш аюултай. Төр нь уучлал гуйж, үр хүүхдүүдэд нь гэгээн дурсгалыг хүндэтгэх, цагаатгах боломж олгох нь чухал юм.

-БНСУ-ын “Чэжү 4.3 Энхтайван” сангийнхантай өрнүүлж буй хамтын ажиллагааныхаа талаар ярина уу?

-Бид хамтарч ажиллаад удаагүй байгаа. БНСУ 1980 оны Гванжугийн бослогын үеэр хэлмэгдсэн хүмүүсийн түүхэн архивыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг. Монгол Улс хэлмэгдсэн иргэдийнхээ түүхийн баримт, архивын чухал бичгийг хадгалах, ЮНЕСКО-д бүртгүүлэхээр, түүхээ үнэнээр нь авч үлдэх, цаашид ийм зүйл гаргуулахггүй байхад анхаарч байна. Их хэлмэгдүүлэлтийг төдийлөн сайн мэдэхгүй байгаа хойч үеийн залууст ойлгуулахын тулд жүжиг, баримтат болон уран сайхны кино хийгээд явж байна.

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай УИХ-ын шийдвэрийг 1996 онд гаргасан байдаг. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэдээлснээр, улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс одоогоор 31,595 иргэнийг цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 1998 оноос хойш 500 мянга болон 1 сая төгрөгийн нөхөн олговрын хүрээнд 18366 иргэнд 16 тэрбум 595 сая төгрөгийн, 2018 онд баталсан Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгох хүрээнд 1709 иргэнд 93 тэрбум 140 сая төгрөгийн, нийтдээ 20075 иргэнд 109 тэрбум 735 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Түүнчлэн улсын хэмжээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай 31, хөшөө 79, суварга 47, самбар 29, дурсгалын багана 27, музейн булан 16 гээд нийт 200 гаруй объект байна.

Хуучин ЗХУ-аас 1937 оны 9 дүгээр сарын 10-нд авчирсан 115 хүний нэрсийн жагсаалтын дагуу их баривчилгаа эхэлсэн бөгөөд энэ үед 17612 лам, 16 сайд, дэд сайд, 42 генерал, Төв хорооны 11 тэргүүлэгчдээс 9, Төв Хорооны гишүүдийн 83.6, ХБК-ын 80, намын гишүүдийн 70 хувийг баривчлан хэлмэгдүүлсэн аж.