Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны хурал боллоо
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тус хороо өнөөдөр хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одооноос эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний хороо тамирчид, дасгалжуулагчдад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, бэлтгэлдээ анхаарах боломжийг бүрдүүлэх ёстой. Сэтгэл зовоосон асуудал допинг байна. Энэ талаарх мэдээллийг тамирчдад байнга өгч байх хэрэгтэй” гэлээ.
Засгийн газраас тус хороонд олимпын наадамд бэлтгэх ажилтай холбоотойгоор гурван тэрбум төгрөг шийдэж өгчээ. Тус хорооны дэд дарга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ олимпын үзэл санаагаар дамжуулан нийгмийн бүх давхаргад нөлөөлөх эрүүл амьдралын хэв маяг, дадлыг бий болгох нь чухлыг дурдав.