Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 53.2 хувиар өслөө
2023.08.23

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 53.2 хувиар өслөө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний 07 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.4 их наяд төгрөгөөр буюу 53.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

2023 оны эхнээс уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 4.3 их наяд төгрөгөөр буюу 64.8 хувиар нэмэгдсэн бол боловсруулах үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 825.7 тэрбум төгрөгөөр буюу 32 хувиар өссөн байна.

Уул уурхайн салбарт нүүрсний олборлолт 3.4 дахин, газрын тос олборлолт 5.1 дахин, металлын хүдэр олборлолт 13.5 хувиар нэмэгджээ.

Боловсруулах үйлдвэрлэлийн хувьд цэвэр спирт, гурил, шингэн сүү, цемент, металлын бэлдэц, махны үйлдвэрлэл нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуурын гарц буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ, Хөвсгөл, Эрдэнэ суманд ажиллах “Алтан ширээт”, “Гэрэлт говь” үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Мөн цаашид “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн талаарх судалгааг хийж дуусгаад байна.